Их Британи “Лалын улс”-д агаарын цохилт өгч магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-09 12:11:22

МОСКВА. /Sputnik/. Парламент зөвшөөрвөл, Сири дэх “Лалын улс” босогчдын бүлэглэлд Лондон агаарын цохилт өгч эхэлнэ гэж тус улсын Гадаад хэргийн сайд Филип Хэммонд мэдэгдлээ.

Сөрөг хүчний Хөдөлмөрийн намаас дэмжлэг аваагүй тул Сирид агаарын цохилт өгөх төлөвлөгөөгөө Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон цуцалсан гэж “Times” сонинд мэдээлжээ. Гэвч Засгийн газрын төлөөлөгч уг мэдээг няцаасан байна.  

“Сири дэх “Лалын улс” бүлэглэлд агаарын цохилт өгөх нь зөв, Төлөөлөгчдийн танхим  уг асуудлаар зөвшилцөлд хүрнэ гэж бид итгэсэн үедээ төлөвлөгөөгөө ахин танилцуулна” гэж Хэммонд “BBC”-д ярилцлага өгөх үеэрээ хэлжээ.  

Мөн сөрөг хүчний Хөдөлмөрийн намаас уг төлөвлөгөөнд илүү дэмжлэг авч байж зөвшилцөлд хүрнэ гэж тэрбээр хэлэв.

Сири, Ирак улсад үйл ажиллагаа явуулж буй “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийг тараахаар АНУ тэргүүтэй 60 гаруй орны олон улсын эвсэл хамтран ажиллаж буй бөгөөд Их Британи улс уг эвслийн гишүүн юм.

АНУ-ын удирдсан эвслийн Ирак дахь үйл ажиллагааны хүрээнд 2014 оны 8 дугаар сараас хойш Их Британи тус улсад агаарын цохилт өгсөн ч Сири улсад агаарын цэргийн кампанит ажил явуулаагүй байна.  

Х.Аминаа


 

Холбоотой мэдээ