Хэнтий аймгийн удирдлагууд Чандаганы уурхайн хөрс хуулалтын ажилтай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-09-15 19:29:59
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн хэмжээнд нүүрс олборлох нийлүүлэх үйл ажиллагаа явуулдаг цөөхөн уурхай байдгийн нэг нь Чандаганы нүүрсний уурхай юм. Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуунаар ахлуулсан албаны хүмүүс тус уурхайн хөрс хуулалтын ажилтай газар дээр нь очиж танилцлаа.

Компанийн зүгээс энэ сарын 25-ны өдөр гэхэд хөрс хуулалтын ажлаа бүрэн дуусгана гэсэн мэдээллийг өгч байв. Тус уурхай Хэнтий аймгийн төв Чингис хот болон зарим сумдыг нүүрсээр ханган ажилладаг. Энэ жилийн хувьд нийт 50 орчим мянган тонн нүүрсний нийлүүлэлт хийх төлөвлөгөөтэй байгаа аж. Түүнчлэн аймгийн төвийн зарим халаалтын зуухнууд тус уурхайд тодорхой хэмжээний мөнгөн төлбөртэй байгаа бөгөөд энэхүү өрөө барагдуулахаас нааш нүүрс нийлүүлэхгүй байх зохицуулалтыг хийж байгаагаа мөн дуулгасан юм.

Энэ өвөл Хэрлэн сумын хэмжээнд Хэнтий-Ус, Цагаан Цахир Уул зэрэг 8 аж ахуйн нэгжийн 16 уурын зуух халаалт түгээнэ. Дээрх аж ахуйн нэгжүүдтэй Хэнтий аймгийн удирдлагууд хавар халаалт дуусахтай зэрэгцэн уулзаж, нүүрсний уурхайд өр зээлээ төлж барагдуулах талаар арга хэмжээ авч ажилласны үр дүнд энэ намрын байдлаар цөөн тооны байгууллагууд 10 хүртэлх сая төгрөгийн өглөгтэй байгаа юм байна.

Түлш Эрчим Хүчний Яамны сайдын тушаал болон Хэнтий аймгийн Засаг даргын захирамжийн дагуу энэ жилийн халаалтыг ирэх 10 дугаар сарын нэгэнд эхлүүлэх аж.
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ