Экологийн айлган сүрдүүлэлт: Монголд УЦС барихаас өөр хувилбар бий юу?

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2017-09-15 11:40:23
МОСКВА./asiarussia.ru/.ОХУ-ын Эрчим хүчний яам Буриадын засгийн газартай хамтран Галуут нуурын цахилгаан станцаас Монголд нийлүүлэх эрчим хүчний талаарх саналаа 10 дугаар сарын 1 гэхэд бэлтгэж бэлэн болгосон байх ёстой. Энэ нь Сэлэнгэ мөрний цутгалууд дээр УЦС барихад гэсэн Монголын төслүүдийг орлох хувилбар мөн гэж эрх баригчид үзэж байгаа юм.

“Бид Байгал нуураа хамгаалах нь мэдээж хэрэг” гэж саяхан Оросын Гадаад хэргийн сайд С.Лавров хэлсэн билээ. ЮНЕСКО-гийн Дэлхийн байгалийн өвийн жагсаалтад багтсан Байгал нуурт аюул учруулж буй байгууламжуудыг барихгүйгээр эрчим хүчнийхээ асуудлыг шийдэх боломжтой гэдгийг хөрш монголчуудад ойлгуулахаар ОХУ-ын эрх баригчид олон жилийн турш оролдож байгаа юм. “Өсөн нэмэгдэж буй эрчим хүчнийх нь хэрэгцээг хангах асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн, монголчуудад санал болгож болохоор тодорхой төлөвлөгөө Эрчим хүчний яаманд бий” гэж сайд С.Лавров хэлсэн байна.

Түүний энэ санааг Монголд суугаа Оросын элчин сайд И.Азизов давтан хэллээ. Тэрбээр саяхан ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө ”Одоо байгаа мэдээллүүдээс үзэхэд, барих гэж буй УЦС-уудын үйлдвэрлэн гаргах цахилгаан эрчим хүч нь дэндүү өндөр үнэтэй байх нь ойлгомжтой байгаа. Тэгэхээр Монголын эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бусад хувилбаруудыг одооноос авч хэлэлцэх нь эдийн засгийн үүднээс зөв зүйтэй юм” гэж мэдэгдсэн байна.

Галуут нуурын ЦС-аас эрчим хүч нийлүүлэх нь эдгээр хувилбаруудын зөвхөн нэг нь билээ. Өөр хувилбарууд  олон бий. Тухайлбал, 500 кв-ын цахилгаан дамжуулах шугамыг барьж, түүгээр 1Гвт эрчим хүчийг Монголд нийлүүлэх тухай “Россеть” компанийн санал болгосон хувилбарыг дурдаж болно. Урт хугацааны ирээдүйд гэвэл, В.Путиний жилийн өмнө санал болгосон Азийн эрчим хүчний супер сүлжээний төсөлд Монголыг хамруулах явдал. Түүнчлэн Евразийн эдийн засгийн холбоонд тус улсыг элсүүлж, холбооны гишүүн орнуудын эрчим хүчний нэгдсэн зах зээлд оруулах явдал. Ингэснээр түншүүдийн эрх тэгш байдлын асуудал нэг мөр шийдэгдэж, Орос, Хятад гэсэн хоёр том гүрний дунд хавчуулагдсан Монгол Улс дэлхийн эрчим хүчний урсгалд нэгдэж чадна.

Эдгээр хувилбаруудыг Монголын шинэ ерөнхийлөгчид танилцуулж болох  юм. Ерөнхийлөгч Х.Баттулга 9 дүгээр сарын эхээр Владивостокт болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох бөгөөд гадаад орнуудад хийх анхны айлчлалаа чухамдаа Орост хийх гэж байна. Х.Баттулга ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө “УЦС-ын асуудлаар хоёр орны хооронд харилцан ойлголцол дутагдаж байгаа нь зөрчилдөөнд хүргэж болзошгүй” гэсэн юм. Түүнчлэн тэрбээр Монголд Эгийн голын УЦС-ыг барих төслийг боловсруулж байгаа талаар ам алдсан. 

Галуут нуурын ЦС Монголд эрчим хүчээ нийлүүлсээр ирсэн

Танхойд болсон зөвлөгөөний үеэр Буриадын төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэгч А.Цыденов мэдэгдсэнээр бол, Галуутаас эрчим хүч нийлүүлснээр Монголын УЦС-уудтай холбоотой асуудлыг шийдэж болох аж.

“Бид цахилгаан эрчим хүч нийлүүлэх санал тавьсан. Манайх эрчим хүчний илүүдэлтэй байгаа, Галуут нуурын ЦС бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй байна. Урьдчилсан тооцоо хийж үзэхэд эрчим хүчний үнэ өрсөлдөхүйц хэмжээнд байх боломжтой нь харагдсан. Тэгэхээр Эрчим хүчний яамтай хамтран эрчим хүчний баланс болон хөрөнгө оруулалтын хэмжээний талаар таны зүгээс бидэнд үүрэг өгнө үү гэсэн хүсэлтийг тавьж байна. Ингэснээр бид монголчуудад үнэ болон нийлүүлэлтийн нөхцлийн талаар албан ёсоор санал тавих боломжтой болно” гэж А.Цыденов ярилаа. Түүний энэ саналыг Ерөнхийлөгч В.Путин дэмжжээ.

Энэ нь одоо байгуулчихаад байгаа хэлцлийг шинэчлэх тухай асуудал юм. Ер нь бол, дээр үеэс Галуут нуурын ЦС-аас Монгол руу эрчим хүч экспортолсоор ирсэн ба энэ станцаас “Сэлэндума-Дархан” цахилгаан дамжуулах шугамыг татжээ.

Энэ оны 3 дугаар сард тус ЦС-ын хүчин чадлыг 30 Мвт-аар нэмэгдүүлсэн бөгөөд 300 сая рублийн хөрөнгөөр эрчим хүчний I блокийн хүчин чадлыг 200 Мвт болгож, төслийн хүчин чадалд нь хүргэсэн байна.  

2016 онд Галуут нуурын ЦС нийтдээ 4913 сая квт/цаг эрчим хүч үйлдвэрлэсэн бөгөөд тус станцын захирал М.Человечкин ярихдаа “бид үйлдвэрлэсэн цахилгааныхаа 15 орчим хувийг Монголд экспортолдог ба цаашид нийлүүлэлтээ нэмэгдүүлэх боломжтой” гэсэн юм. Ер нь бол, Буриадаас Монгол руу жилд 200 сая квт/цаг эрчим хүч нийлүүлдэг бөгөөд цахилгаан дамжуулах шугамын хүчин чадлын дээд хязгаар нь 245 сая квт/цаг байна.

Буриадын засгийн газрын үзэж байгаагаар бол, маш бага зардлаар нийлүүлэлтийг 320-325 Мвт болгож нэмэгдүүлэх боломжтой бөгөөд үүний тулд одоо ашиглаж буй цахилгаан дамжуулах шугамын найдвартай байдлыг сайжруулж, автомат тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх хэрэгтэй.  

Дашрамд дурдахад, ОХУ-ын Эрчим хүчний сайдын тэргүүн дэд сайд Алексей Текслер “Россеть” компанийн саналын талаар ярихдаа “цахилгаан дамжуулах шугам нь УЦС-тай харьцуулахад мегаватт цаг тутамд 3,5 дахин бага зардалтай. Тэгэхээр Монголын хувьд дамжуулах шугамаар цахилгаан авах нь УЦС барихаас илүү тохиромжтой” гэсэн юм.

2015 онд цахилгаан дамжуулах шугамын нэвтрүүлэх хүчин чадлын дээд хязгаарыг нэмэгдүүлээд байсан тэр үед Монголын тал энэ боломжийг ашиглаагүй юм. Үүнд үйлдвэрлэлийн бууралт, эдийн засгийн хямралаас гадна тус улсад шинэ станцуудыг ашиглалтад оруулсан нь нөлөөлснөөс гадна Оросоос нийлүүлэх цахилгааны үнэ монголчуудад таалагдаагүй тал ч бий.

Оросын эрчим хүч Монголд хэрэгтэй байгаагийн учир

Холбооны яамдын сайд нар болон бүс нутгийн захирагчдын амнаас байнга гарч байдаг үг бол “ойрын жилүүдэд Монголд дутагдаж болзошгүй эрчим хүчийг нөхөхийн тулд Орос улс нийлүүлэлтээ нэмэгдүүлэх нь зүйтэй”.

Яг үнэн хэрэгтээ бол Монгол Улс эрчим хүчний хомсдолын асуудлаа өөрөө бие даан шийдэх боломжтой. Шинээр цахилгаан станц байгуулах, одоо байгаа станцуудаа шинэчлэх замаар тэд үүнийг хийж байгаа. Тэгээд ч хямралын өмнө хийж байсан эдийн засгийн өсөлтийн талаарх таамаглалууд нь өнөөдрийн бодит байдалд нийцэхээ больсон. Тэгэхээр ийш тийш  яарах хэрэггүй гэсэн үг. 

Монголд өөр хоорондоо холбогдоогүй эрчим хүчний дөрвөн систем байдаг. Тэдгээрээс зөвхөн төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ л Оросын эрчим хүчний системтэй холбогджээ. Тус улсыг “ЗХУ-ын 16 дахь БНУ” гэж нэрлэж байх үед үндсэн горимд нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцуудыг барьж байгуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, маневр хийх хүчин чадал байхгүй бөгөөд оргил үеийн ачааллыг нөхөхийн тулд Оросоос эрчим хүч худалдан авахад хүрдэг юм. Үнэ нь хэрэглээний горимоос шалтгаална.

Монголчуудын хувьд Сибирь даяар эрчим хүч маш хэрэгтэй байгаа оргил цагийн үеэр цахилгаан худалдан авдаг учраас тэдний худалдан авч буй эрчим хүч нь Цахилгаан эрчим хүч ба хүчин чадлын бөөний зах зээлийн /ОРЭМ/ хоёрдугаар бүсэд хамаарч үнэтэй тусдаг. Үүнээс үүдээд жилд худалдан авч буй эрчим хүчинд зарцуулж байгаа мөнгөний хэмжээ их байгаа талаарх яриа хөөрөө Монголд гардаг юм.

Монголд цахилгаан эрчим хүч нийлүүлдэг оператор компани бол “ИнтерРАО”-гийн охин компани болох “Восточная энергетическая компания” хувьцаат нийгэмлэг /ВЭК/ юм. Зарим мэдээллээр, 2014-2016 оны хугацаанд Монголд нийлүүлэх эрчим хүчний үнэ 88 хувиар өссөн байна. Гэтэл урьд нь жилд 12-13 хувиар өсдөг байжээ. Үнэ огцом өссөнөөр худалдан авалт огцом буурсан юм. Хөрш орон маань 2013 онд 414 сая квт/цаг эрчим худалдан авч байсан бол 2015 онд 284 сая квт/цаг болж огцом буурчээ. Харин өнгөрсөн онд нийлүүлэлт бага зэрэг нэмэгдэж 300 сая квт/цагт хүрсэн байна. Эл байдал энэ онд өөрчлөгдөхгүй бололтой.

Харин ВЭК компани ямар үнээр бүтээгдэхүүнээ борлуулдаг нь арилжааны нууц. Гэхдээ жилд 30-40 сая долларын эрчим хүч нийлүүлдэг гэсэн тоо хэвлэлүүдэд дурдагддаг. Санхүүгийн хямралд ороод буй Монголын хувьд энэ нь их мөнгө бол харин “ИнтерРАО”-гийн хувьд ялихгүй тоо билээ. Тус компанийн хувьд Монголтой байгуулсан хэлцэл нь төдийлөн ашигтай биш бөгөөд улстөрийн хүчин зүйлийг тооцох юм бол энэ нь байнга л толгойны өвчин болж байдаг.

Оросоос Монголд нийлүүлж буй эрчим хүчний үнэ өндөр байгаа нь Оросоос бус харин Монголын “ЦРЭПС” /Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ ТӨХК/ компаниас шалтгаалж байгаа юм. Тус компани ВЭК-ээс худалдан авдаг цахилгаанаа дотоодынхоо зах зээлд дамжуулан борлуулдаг.

Эндээс цэвэр улстөр харагдаж байна. Жижигхэн боловч омог бардам тусгаар улсыг том хөрш орон нь хавчдаг гэж буруутгах нь амархан байдаг буй заа.

Дашрамд дурдахад, 8 дугаар сард ОХУ-ын Байгаль орчны сайд Сергей Донской ярихдаа “Оросын талын гаргасан шийдвэрийн дүнд Монголын компаниудад нийлүүлэх цахилгаан эрчим хүчний экспортын үнэ буурсан” гэсэн байна. Гэхдээ яг хэдий хэмжээгээр буурсныг тэрбээр хэлсэнгүй. Гэтэл Монголын УЦС-уудын асуудлаар тавдугаар сард Эрхүү мужид болсон олон нийтийн сонсголын үеэр монголчууд хэлэхдээ “УЦС-уудтай холбоотой сэдвийн ачаар энэ онд үнэ 30 хувиар буурсан” гэж мэдэгдсэн нь гэнэтийн зүйл байлаа!

Үүнтэй холбогдуулан “Хил хязгааргүй голууд” олон улсын эвслийн Оросын талын зохицуулагч Александр Колотовын ярьсныг энд сийрүүлэн хүргэе.

“Оросын цахилгаан эрчим хүчийг экспортлохтой холбоотой гол асуудал бол Монголын тал ямар үнэ төлж чадах вэ гэдэгт оршино. Оросын тал үнийн хувьд алсын хараагүй бодлого явуулсны улмаас Монголд УЦС барих төслүүд дахин сэргэснийг мартаж болохгүй. Монголд нийлүүлэх цахилгааны үнэ бараг л жил бүр нэмэгдэж, экспортлогчдын хорхой нь улам ихээр хүрсээр байлаа. Байгал нуурт заналхийлж буй Монголын УЦС-уудын төслүүд нь Оросоос эрчим хүч нийлүүлэх нөхцлийг эрх тэгш байдлаар ярьж хэлэлцэх боломжийг Монголын талд олгож байна. Үүнийг “экологийн айлган сүрдүүлэлт” /шантааж/ гэж нэрлэж болох бөгөөд эрчим хүчний асуудлаарх хэлэлцээний үеэр Байгал нуурыг “задгай мөнгө” маягаар дахин ашиглах болжээ. Гэхдээ баримт л бол баримт байдаг. ЮНЕСКО-гийн дэлхийн байгалийн өвийн жагсаалтад орсон объектод учирч буй аюул нь Оросын талын зохисгүй үйлдлээс шалтгаалж үүссэн бөгөөд эдгээр үйлдэл нь Монголын талыг эрчим хүчний өөр эх үүсвэрүүдийг хайхад хүргэсэн юм”.    

Монгол Улс эрчим хүчний хувьд ОХУ-аас хэр их хамааралтай вэ?

Эрчим хүчний хүчин чадлын маневр хийх боломжгүй байдал нь аль ч эрчим хүчний системийн хувьд эрсдлийг бий болгодог. УЦС-ын төслүүдийг лоббиддог байсан Д.Одхүү Оросын хэвлэлүүдэд ярилцлага өгөхдөө “хэрвээ Сэлэнгэ-Дарханы цахилгаан дамжуулах шугам ямар нэгэн шалтгаанаар 11 дүгээр сард эвдрэх аваас Монголын тал нь хөлдөнө” гэсэн үгээр айлгах дуртай байлаа. Ер нь бол, том ахаасаа эрчим хүчний бүрэн хамааралд орсон тухай сэдэв бол УЦС байгуулах төслүүдийг лоббиддог хүмүүсийн ярьж хэлдэг гол үндэслэлүүдийн нэг юм. 

Иймэрхүү суртал ухуулгын шинжтэй зүйлийг бол хялбархан няцааж болно. Монгол Улс бүхэлдээ Оросын эрчим хүчнээс хамаардаггүй, харин зөвхөн хойд нутгийн хэдхэн аймаг тодорхой улирал, тодорхой цагийн хугацаагаар хамаардаг билээ. Тэдгээр аймгуудад одоо нарны болон салхин цахилгаан станцууд барьж байгаа бөгөөд ингэснээр ачааллыг зохицуулах боломжтой болно. Дашрамд дурдахад, тэнд бага хүчин чадлын УЦС-ууд барих гэж оролдсон боловч үр ашиггүй гэдэг нь нотлогдсон байна.
Дашрамд хэлэхэд, Монголын тал хилийн дагуух ОХУ-ын районуудад эрчим хүч нийлүүлж байгаа билээ. Энэ нь ашиглаагүй эрчим хүчийг буцааж буй /жилд 30 сая квт/ хэлбэр юм.

Ямар нэгэн шалтгаанаар Орос-Монголын эрчим хүчний солилцоо зогслоо гэхэд цахилгаан дамжуулах төв сүлжээний тогтвортой ажиллагаанд аюул учрахгүй. Цахилгаан дамжуулах төв сүлжээ болон  Эрдэнэтийн зэсийн комбинат зэрэг газарт хэдхэн цагийн хугацаагаар хэрэглээг хязгаарлахад хүрэх байх. Гэхдээ цахилгаан дамжуулах шугамыг 40 гаруй жил ашиглах хугацаанд иймэрхүү “blackout” хэзээ ч гарч байгаагүй билээ.

Монголын эрчим хүчний салбарт тулгарч буй гол асуудлуудын нэг бол дөрвөн өөр районд хуваагдаж, хоорондоо холбогдоогүй эрчим хүчний системийн үйл ажиллагааны эдийн засгийн болон энергийн үр ашиг доогуур байгаа тухай асуудал билээ. Дулааны цахилгааны станцуудын үйлдвэрлэсэн цахилгаанаа хэрэглэж буй хувь өндөр /14,4 хувь/, цахилгаан дамжуулах сүлжээний алдагдал өндөр /13,7 хувь/ байна. Эдгээр нь хөгжингүй орнуудын үзүүлэлтээс 1,7 дахин их байгаа юм. Тэгэхээр Монголын хувьд юуны түрүүнд одоо байгаа хүчин чадалдаа техникийн шинэчлэл хийх хэрэгтэй байна. Яг ийм шинэчлэлийг Оросын Алс Дорнодод “РусГидро” төслийн хүрээнд хийж байгаа юм. Энэ бол шинээр станц барихын оронд хэрэгжүүлж болох бодитой хувилбар мөн. Эхлээд одоо байгаа үйлдвэр аж ахуйгаа эмх цэгцтэй болгоод дараа нь шинэ төслүүдээ хэрэгжүүлэх нь зүйтэй гэж усны болон сэргээгдэх эрчим хүчний салбарын шинжээч Артур Алибеков үзэж байна.    

Гэтэл Монголын эрчим хүчний салбарын бодлого нь цэгцтэй биш, системтэй биш байгаа юм.Тус улс нийтдээ 4 ГВт-ын хүчин чадал бүхий ДЦС-уудыг шинээр барина гэж төлөвлөж байгаа атлаа Уур амьсгалын асуудлаарх Парисын гэрээг баталж, сэргээгдэх эрчим хүчний эзлэх хэмжээг одоо байгаа 3 хувиас 30 хувь болгож өсгөнө гэсэн зорилт тавьжээ. Тэр ч байтугай Сэлэнгэ мөрний сав газарт барих УЦС-уудын төслүүдийг нь өөр өөр багууд боловсруулж байх жишээтэй. Тухайлбал, Эгийн голын УЦС-ын төслийг 4 дүгээр сард төрийн мэдлийн шинэ компани хариуцахаар болсон. Энэ станцыг барихын тулд Монголын тал 2015 оны сүүлчээр Хятадын Экспорт-импортын банкнаас 1 тэрбум долларын зээл авсан боловч дараа нь уг зээлийг өөр зориулалтаар ашиглахаар болжээ. Дэлхийн банк гэхэд МИНИС буюу олборлох аж үйлдвэрийн дэд бүтцийн хөгжлийн хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрт зээл олгож байна. Хөтөлбөрийн хүрээнд 245 МВт-ын хүчин чадалтай Шүрэнгийн УЦС болон Орхон голоос Говь руу ус татах төслийг боловсруулж байгаа юм.

Нэг УЦС барих зардал 600-800 сая ам.долларт хэлбэлздэг. Монголын хувьд ийм төслүүдийг зөвхөн зээл авч хэрэгжүүлэх боломжтой. Тэгэхээр Оросоос эрчим хүчний талаар хамааралтай байдаг тухай домог мэт яриа нь Хятадын болон олон улсын санхүүгийн байгууллагуудын зээлийн талхинд орсон тухай яриа болж өөрчлөгдөнө. “Хил хязгааргүй голууд” олон улсын эвслийн Монголын талын зохицуулагч Д.Сүхгэрэл ярихдаа “эдгээр УЦС-ын оффисууд 15-20 жилийн турш ажиллаж байгаа. Ийм станцууд хэзээ ч баригдахгүй гэж ярьдаг шинжээчид ч бий. Ер нь бол, эдгээр төслүүдээр хоолоо олж иддэг хэсэг бүлэг хүмүүс урьд нь ч байсан, одоо ч байсаар байгаа. Улс орны болон ирээдүй үеийнхний төлөх өрөөр энэ бүх зүйл хийгдэж байгаа нь тун харамсалтай” гэлээ.     

Хамгийн үр ашигтай сонголт нь юу вэ?

10 дугаар сард Эрхүү хотод Худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Орос-Монголын засгийн газар хоорондын комиссын 21 дүгээр хуралдаан болно. Өнгөрсөн оны 12 дугаар сард болсон уулзалтаар “Сэлэнгэ мөрний ус хуримтлагдах хэсэгт гидротехникийн байгууламжууд барихаар төлөвлөж буйтай холбоотой асуудлуудыг цогц байдлаар хэлэлцэх”-ийн тулд хоёр орны шинжээчдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулахаар тохиролцсон билээ. Гэтэл хоёр талын шинжээчдийн хооронд өрнөсөн шинжлэх ухаан-техникийн асуудлаарх мэтгэлцээн нь зөөлнөөр хэлэхэд чанаргүй бөгөөд эрч муутай байлаа. 

Өмнө нь мэдээлэхдээ, ажлын хэсгийн анхны уулзалт 8 дугаар сарын сүүлчээр болно гэж байсан. Гэтэл одоо ОХУ-ын Байгаль орчны яамныхны ярьж байгаагаар бол, тус уулзалт засгийн газар хоорондын 21 дүгээр хуралдааны өмнөхөн 10 дугаар сард болж магадгүй аж.

Сергей Донской-н ярьснаар бол, эхний үе шатанд “УЦС-ын усны орчинд үзүүлэх нөлөөлөл төдийгүй Байгал нуурын экологийн үйл явц, биологийн төрөл зүйлүүд болон бүс нутгийн хүн амын амьдралын уламжлалт хэвшилд нөлөөлөх байдлын үнэлгээг хийх ёстой”. УЦС-ыг орлуулах хувилбар гэвэл бодит байдал дээр маш олон бий. Дээр нэр нь дурдагдсан Артур Алибеков гэхэд дор хаяж 12 хувилбар байгаа гэдгийг дурдаж байна. Тэдгээрийн дотор “Сибирийн хүч” хий дамжуулах хоолойноос салбарлуулан хоолой татах, ус хуримтлуулах станц, тэр ч байтугай АЦС барих гэх мэт.

Энэ мэт идэвх зүтгэл гаргаж байгаад УЦС барихын эсрэг тэмцэж буй экологичид талархалтай хандаж байна. Гэхдээ тэд ЮНЕСКО-гийн шаардлагуудыг дэмжиж, хил дамнасан экологийн стратегийн үнэлгээг урьдчилан хийхийг шаардаж байгаа юм. Энэхүү үнэлгээний ажил нь Байгал нуурын сав газартай холбоотой Орос болон Монголын хөгжлийн төлөвлөгөөнүүд, үндэсний хэмжээний бүхий л хөтөлбөрүүдийг бүгдийг нь хөндөх болно. Ийм үнэлгээний давуу талууд нь хэн бүхэнд илэрхий бөгөөд түүнийг бүс нутгийн экологийн үнэлгээн дээр тулгуурлан хийх боломжтой. Уг үнэлгээг  MINIS буюу Олборлох аж үйлдвэрийн дэд бүтцэд оруулах хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн хүрээнд гүйцээн боловсруулахаар ажиллаж байна. Энэ нөхцөлд Буриадын тавьж буй санал, “Россеть”—ийн санал зэрэг Монголын УЦС-уудыг орлох бусад хувилбаруудыг нэгдсэн цогц байдлаар үнэлж цэгнэснээр хоёр талд хоёуланд нь ашигтай бөгөөд оновчтой шийдвэрийг гаргах боломжтой болно.

Нийтлэлийг бичсэн: Александр Попов
Орчуулсан: Б.Адъяахүү
Эх сурвалж: http://asiarussia.ru/articles/17523/

 
Холбоотой мэдээ