Баянхонгор аймаг гадаад харилцаагаа өргөжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-09-15 10:50:46
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал Францын Элчин сайдын яамны тэргүүн зөвлөх ноён Рафаэл Дрозэвскийг хүлээн авч уулзлаа.
Баянхонгор аймаг ХАА болон МАА-н салбарт тус оронтой хамтын ажиллагаатай байдаг бол цаашдаа аялал жуулчлал, эдийн засгийн чиглэлээр хамтран ажиллах тухайд санал солилцов.
Уулзалтад Монгол дахь хил хязгааргүй малын эмч нар, агрономчид, Олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрийг Баянхонгор аймагт амжилттай хэрэгжүүлж буй удирдах нэгжийнхэн оролцсон байна. Тус багийнхны үйл ажиллагаа явуулдаг таван сум бэлчээрийн даацаа тодорхойлж, тодорхой хуваарьтай ашигладаг болсон, малчид ноолуураа зөв самнаж авах тал дээр амжилттай суралцаж байгаа аж. Төслийн хугацаа 2018 онд дуусгавар болох ч цаашид сунгах, хуучин сумд дээрээ нэмээд дахин таван сум нэмж 10 болгох хүсэлтэй байгаагаа Засаг даргад илэрхийлжээ. Мөн малчдын хувьд ноолуурын үнэлэмжийг сайжруулах, нэмүү өртөг шингээх сүлжээ бий болгох хүсэл ихтэй байдаг гэдгийг ч ярьсан байна.

Тус улс орнуудаас жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт туршлага судлах тал дээр ч Франц улсын Элчин сайдын тэргүүн зөвлөхийн хувьд анхаарч холбоо харилцааг тогтоохоор болов.

Уулзалтын эцэст Францын жуулчдад Баянхонгор аймгийн байгаль цаг уурын сайхныг сурталчилан таниулж, энэ бүс нутаг руу өөрийн жуулчдаа ирүүлэх бодлого баримтлах болно гэж Францын Элчин сайдын яамны тэргүүн зөвлөх ноён Рафаэл Дрозэвски ярьлаа. Засаг даргын товлосон албан уулзалт үдээс хойш ХБНГУ, Польш улсын бизнесийн төлөөлөгчидтэй хийх уулзалтаар үргэлжилнэ.

                                                                                                                   Б.Мөнхзул

Холбоотой мэдээ