Япон: Умард Солонгосын өдөөн хатгалгыг тэвчиж чадахгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-09-15 07:51:08
ТОКИО. /Киодо/. Өнөө өглөө Японы газар нутгийг давуулан Номхон далай руу дахин пуужин харвасантай нь холбогдуулан Умард Солонгосыг Японы Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Сүга шүүмжиллээ. Умард Солонгос өмнө нь өнгөрсөн сарын 29-нд Японы газар нутгийг давуулан баллистик пуужин харвасан билээ.
 
Японы “Киодо” агентлагийн мэдээлснээр, манай улс Умард Солонгосын удаа дараагийн өдөөн хатгалгыг тэвчиж чадахгүй гэж Ё.Сүга өнөө өглөө хэвлэлийн бага хурал хийх үеэрээ хэлсэн байна.

Япон улс Умард Солонгостой холбоотой асуудлыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанаар оруулж, АНУ болон Өмнөд Солонгос зэрэг улс оронтой энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд илүү нягт хамтран ажиллана гэж тэрбээр хэлжээ.

Тэрбээр цааш нь ярихдаа “Өнөө өглөө Умард Солонгосын харвасан пуужин ямар нэгэн хор хохирол учруулсан эсэхийг тогтоож, мөн Японы ард түмний аюулгүй байдлыг хангахын төлөө Засгийн газар чадах бүхнээ хийх болно” гэжээ.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээ авах тухай тогтоолуудыг бүрэн, тууштай дагаж мөрдөхийг Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ирэх долоо хоногт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцож, үг хэлэх үеэрээ улс орнуудад уриалахаар төлөвлөжээ.

НҮБ-ын чуулганы үеэр Ш.Абэ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нартай уулзан Умард Солонгосын асуудлыг хэлэлцэх аж.
Г.Доржханд


 

Холбоотой мэдээ