НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Умард Солонгосын эсрэг авсан хоригийг чангатгах тухай асуудлаар санал хураана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-09-11 13:30:45
НҮБ./ТАСС/. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл даваа гарагт Умард Солонгос цөмийн туршилт хийсний хариуд тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээг чангатгах тухай АНУ-ын санал болгосон тогтоолын төслөөр санал хураалт явуулна. Энэ тухай Аюулгүйн зөвлөлийг 9 дүгээр сард даргалж буй Этиоп улсын төлөөлөгч мэдээлжээ.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд суух Этиопын Байнгын төлөөлөгчийн мэдээлснээр, санал хураалт үдээс хойш Пхеньяны эсрэг хоригийн горимын хэрэгжилтэд хяналт тавих хорооны хаалттай хуралдааны дараа болох ажээ. Үүнээс өмнө НҮБ-д суух АНУ-ын Байнгын төлөөлөгч Никки Хейли дээрх санал хураалтыг 9 дүгээр сарын 11-ны даваа гарагт явуулна гэж мэдэгдэж байсан юм.

Энэ долоо хоногт Аюулгүйн зөвлөлийн гишүүдэд тараагдсан уг тогтоолын Америкийн төсөлд Умард Солонгосын эсрэг авсан хоригийн горимыг урьд хожид байгаагүй түвшинд хүртэл чангатгахыг тусгасан байна. Уг баримт бичигт тус улсад газрын тос, газрын тосны бүтээгдэхүүнийг нийлүүлэхийг хориглохоор тусгажээ. Үүнээс гадна, Умард Солонгосын хуулийн этгээдтэй хамтарсан үйлдвэрийн газар байгуулахыг хориглох, Умард Солонгосын ажилчдыг гэрээгээр авч ажиллуулах явдалд илүү хатуу хязгаарлалт тавих зэрэг бусад арга хэмжээнүүдийг тусгасан байна.

Мөн уг баримт бичигт банкны данс болон бусад хөрөнгийг царцаах, нэр бүхий албан тушаалтнуудыг гадаад руу явахыг нь хориглох заалтууд оржээ. Хар жагсаалтад анх удаагаа БНАСАУ-ын төрийн тэргүүн Ким Жөн Ун, тус улсын Засгийн газрын гишүүд, Солонгосын Хөдөлмөрийн намын гишүүдийг оруулахаар заажээ. АНУ-ын боловсруулсан хоригийн төсөлд мөн Пхеньяны эсрэг хоригийг зөрчсөнтэй холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хорооноос тусгай жагсаалтад оруулсан ачааны хөлөг онгоцуудыг задгай далайд саатуулан, үзлэг хийх эрхийг улс орнуудад олгох юм. Үүнээс гадна уг баримт бичигт Пхеньяны үйлдлээс хамааран хоригийг цаашид чангатгах, зөөлрүүлэх мөн цуцлахыг зөвшөөрөхөөр тусгажээ.

Уг хоригийн тогтоол батлагдсан тохиолдолд Умард Солонгосын эсрэг хоригийг бараг бүрэн хэмжээний бүслэлтийн хэмжээнд хүргэж байгаа ба дээрх арга хэмжээ нь хүмүүнлэгийн сөрөг үр дагаврыг үүсгэнэ  гэж Орос тэргүүтэй хэд хэдэн орон болгоомжилж байгаа юм.
О.Барс 

 

 

 

 

Холбоотой мэдээ