Сумдын Мал эмнэлэг, үржлийн тасгууд унаатай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-09-07 15:10:26

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас тус аймгийн 13 сумын Мал эмнэлэг, үржлийн тасагт туулах чадвар сайтай “YAMAHA” маркийн мотоцикл олголоо.

Мотоциклуудыг тасгийн эрхлэгчдэд гардуулах ёслолын ажиллагааг өчигдөр Өлгий хотын төв талбайд зохион байгууллаа. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого, бүс нутгийн хөгжлийн зорилтыг орон нутагт хэрэгжүүлэх зорилгоор холбогдох санхүүжилтийг салбарын сайдын 2017 оны төсвийн багцад тусгагдсан хөрөнгө оруулалтын зардлаас гаргажээ. Малын эмч нарыг дэмжих асуудлыг унааг нь шийдвэрлээд орхилгүй цаашид бололцоогоороо бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахаа аймгийн Засаг дарга А.Гылымхан энэ үеэр онцоллоо.

Ийнхүү сумдын Мал эмнэлэг, үржлийн тасгуудыг унаажуулснаар иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмж сайжирна хэмээн мэргэжлийн хүмүүс үзэж байна. 

Ө.Нурболат

Холбоотой мэдээ