Шүүх эмнэлгийн шинжилгээ хийлгэсэн эмэгтэй С.Далигийн охин биш байжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
bars@montsame.mn
2017-09-07 14:53:00
ЛОНДОН./BBC/. Сальвадор Далигийн шарилаас нь авсан  ДНХ-гийн сорьцуудад хийсэн шинжилгээний дүнгээр зураачийн шарилд шинжилгээ хийлгэхийг хүссэн Испанийн иргэн эмэгтэй Мария Пилар Абель Мартинез нь С.Далигийн охин биш болохыг тогтоосон тухай “Гала-Сальвадор Дали” сан мэдээлжээ.

Дээрх эмэгтэйн хүсэлтийн дагуу Мадридын шүүхийн шийдвэр гаргаж, С.Далигийн шарилд 7 дугаар сарын сүүлчээр шинжилгээ хийхээр болжээ. 

ДНХ-гийн сорил хийх зорилгоор зураачийн шүд, яс, хумснаас дээж авсан ба генийн шинжилгээг Испани улсын хор судлал, шүүх эмнэлгийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хийжээ.

Хэрвээ Мартинез С.Далигийн охин гэдгээ нотолж чадсан бол зураачийн овог болон нас барахынхаа өмнө түүний Испанид гэрээслэн үлдээсэн хөрөнгийн тодорхой хэсгийг өвлөн авах боломжтой болох байжээ.

Лхагва гарагт Мартинез болон түүний өмгөөлөгч нь шинжээчдийн дүгнэлтийг олж хараагүй гэж El Pais сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.

“Таро” хөзрөөр мэргэлдэг Мария Пилар Абель Мартинез нь өөрийгөө С.Далигийн охин гэдгийг хүлээн зөвшөөрүүлэхээр 2007 оноос хойш шаардаж байгаа юм. Энэ эмэгтэйн баталж байгаагаар, Далигийн гэр байдаг хотод ажиллаж байсан ээж нь түүнтэй хайр сэтгэлийн холбоо үүсгэж байжээ. Энэ тухай Абельд түүний эмээ нь ярьж өгсөн аж. 

1955 онд С.Дали 49 настай байсан ба тэрбээр 1934 оноос хойш Оросын цагаач эмэгтэй Елена Дмитриевна Дьяконоватай хамт амьдарч байсан аж. Тэд хүүхэдтэй болоогүй байна. С.Дали 1970 онд нас барсан ба түүний шарилыг Фигерас хотод байдаг зураачид зориулсан театр-музейн хашаанд оршуулжээ.

2007 онд Мартинез эцэг тогтоолгох зорилгоор С.Далигийн гипсэн масканд хадгалагдан үлдсэн үс, арьсны үлдэгдлээс ДНХ-гийн шинжилгээ хийлгэжээ. Гэсэн хэдий ч уг шинжилгээний хариуг Мартинез авч чадаагүй гэнэ. 

Мартинез 2005 онд зохиолч Хавьер Серкасаас 600 мянган евро нэхэмжлэн шүүхэд хандаж байсан байна. Шалтгаан нь, зохиолч Х.Серкас өөрийн бичсэн “Саламины дайчид” романдаа Мартинезийг доромжилсон өнгө аясаар дүрсэлсэн аж. 2006 онд уг нэхэмжлэлийг Жирон хотын шүүх хэрэгсэхгүй болгожээ.
О.Барс 
 

 

 


Холбоотой мэдээ