Улсын начин Б.Серик "Дэлхийн бар" тэмцээнд оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-09-07 10:24:10

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Улсын начин Бердимуратын Серик энэ сарын 8-ны өдөр Бүгд Найрамдах Казахстан улсын нийслэл Астана хотод болох "Дэлхийн бар" казах куресийн /казахын ард түмний үндэсний бөхийн барилдан/ хүнд жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор морджээ.

"Дэлхийн бар» тэмцээн анх 2014 онд зохион байгуулагдаж байсан бөгөөд дэлхийн 35 орноос Чех улсын дэлхийн болон олимпын аварга бөх Лукаш Крпалек, Армен улсын самбо бөхийн дэлхийн аварга бөх Гарибян Арутюн, Кубын олимп болон дэлхий аварга шалгаруулах тэмцээний медальт тамирчин Оскар Рене Видал Брайсон тэргүүтэй бөхчүүд оролцсон ажээ.

Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор 37 орноос 42 тамирчин хүрэлцэн иржээ. Манай тамирчин олон улсын хэмжээний мастер Бердимуратын Серик 108 кг жингээр барилдах бөгөөд анхны барилдаанаа Кубын бөх Эрнесто Гилва Фуэртес /99кг/-тэй хийхээр болжээ.

Казах күресийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь 30 сая тенгегийн шагналын сантай ба түрүүлсэн бөхийг алтан бүс, 15 сая тенге /105 сая төгрөг/-гээр шагнах аж.   

Ө.Нурболат
 

Холбоотой мэдээ