Н.Гантулга: Залуучууд бид чадах бүхнээрээ нутгийнхаа хөгжилд зүтгэх ёстой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-09-05 20:10:24
Хэнтий /МОНЦАМЭ/. “Бизнес финанс групп” ХХК, “Жавхлант сүлд” ХХК-ийн захирал, Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутгийн зөвлөлийн дарга Найдандашийн Гантулгыг урьж ярилцлаа. 

Тус сумын нутгийн зөвлөл нь Хэнтий аймгийн сумдын нутгийн зөвлөлүүдээс үйл ажиллагаагаараа тэргүүлдэг бөгөөд сум орон нутагруугаа чиглэсэн олон ажлуудыг зохион байгуулдгаараа онцлог юм. 

“Санаа зөв бол заяа зөв” хэмээх үгийг өөрийн амьдралдаа үлгэрлэж явдаг Хэнтий нутгийн залуугийн үзэл бодол, байр суурь, нутагтаа ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзлийнх нь харгуйгаар уншигч та бүхнийг аялуулж байна. 
 
рилцлагаа нутгийн зон олондоо сонсгох таатай мэдээллээр эхлүүлэх үү?
-Баярлалаа. Танд болон нутгийн зон олондоо энэ өдрийн мэнд хүргэе. Намрын налгар өдрүүд наашилжээ. Тиймээс Баян-Овоочууддаа сайхан намаржиж, өвлийг өнтэй даваасай гэж хүсье. Энэ дашрамд нутгийн зөвлөлийн үйл ажиллагаагаараа цаг ямагт сум орноо гэсэн сүү шиг цагаахан сэтгэл, сүлд шиг цог хийморийг дагуулан та бүхэнд түүчээлэн хүрсээр байх болно гэдгийг хэлэхэд таатай байна.

-“Бизнес финанс групп” ХХК, “Жавхлант сүлд” ХХК-ийн захирлаар ажилладаг юм байна. Ажлынхаа талаар бидэнд танилцуулаач? 
-Би 2008 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг Банкны менежмент мэргэжлээр төгсөөд Хасбанкинд эдийн засагчаар орж, ажлын гараагаа эхэлсэн. Хасбанкинд эдийн засагчаас салбарын захирал хүртлээ ажиллаж байгаад хувийн бизнесээ хийж эхэлсэн дээ. Анх 2013 онд ачаа тээврийн “Жавхлант сүлд” ХХК байгуулан Монгол улсын томоохон бүтээн байгуулалт болох Төв аймгийн Хөшигийн хөндийд баригдаж байгаа Нисэх буудлын тээврийн ажлыг дөрвөн жил гүйцэтгэж байна. Мөн 2016 онд “Бизнес Финанс групп” ХХК-ийг байгуулж, банк бус санхүүгийн байгууллагын салбарт хүч сорьж байна.

-Эдгээр ажлынхаа хажуугаар Баян-Овоо сумын нутгийн зөвлөлийн даргаар сонгогдон ажиллаж байгаа юм байна. Залуу хүн нутаг орноо гэсэн сэтгэлтэй, идэвхтэй байгаа нь сайхан санагдаж байна шүү?
-Баярлалаа. Нутгийн зөвлөл бол хамгийн хүчтэй ТББ гэж би хувьдаа боддог юм. Яагаад гэвэл унасан газар, угаасан ус гэдэг хүний сэтгэлд хамгийн ойр байдаг зүйл. Нутаг усаа гэсэн сэтгэлтэй хүмүүсийн чин сэтгэлээр нутгийн зөвлөлийн ажил явдаг учраас хүчтэй байдаг юм болов уу гэж боддог. Миний өмнө нутгийн зөвлөлийн даргаар М.Батбаяр ах маш олон жил үр бүтээлтэй ажилласанд сум орон нутгийнхан маань их ам сайтай байдаг. Тиймээс энэ эрхэм ажлыг үргэлжлүүлэн өндөрт авч явах ёстой шүү гэсэн бяцхан түгшүүр, бас үүрэг надад бий. Нутгийн зөвлөлийн удирдлага болоод, тэргүүлэгчид маань надад итгэл хүлээлгэж сонгосон нь итгэл+хариуцлага гэж ойлгож хүлээж авсан. Ер нь залуучууд бид нутаг орныхоо төлөө дараа гэж цаг хугацааг хойш тавилгүй чадах бүхнээрээ гар, сэтгэл нийлж зүтгэвэл хөгжил ойрхон байгаа гэж бодож явдаг.

- Танайхан уугуул Баян-Овоо сумынх уу?
-Тиймээ. Аав, ээж маань унаган Баян-Овоо сумын хүмүүс. Би Баян-Овоо суманд төрсөн.

- Нутгаасаа хэзээ гарав? Аав ээжийгээ танилцуулбал таныг нутгийнхан тань илүүтэй таних байх?
-Тэгэлгүй яахав. Аав, ээжийн нэрийг хэлэхээр илүү сайн таньдаг юм. Би Баян-Овоо суманд төрсөн боловч Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын ЕБС-д нэгдүгээр ангиасаа эхэлж суралцаж төгсөөд,  оюутан болж Улаанбаатар хотод ирсэн болохоор сумынхан маань төдийлөн сайн мэддэггүй юм. Нутгийн зөвлөлд ажиллаад таньдаг болж байна. Манай аавыг Чойжамцын Найдандаш, ээжийг Доржсүрэнгийн Туяа гэдэг. Аав маань 2012 онд бурхан болсон. Аав ээж хоёр маань “Алтан тал нэгдэл”-д олон жил ажилласан. Аав нэгдлийн дарга, бригадын даргаар ажиллаж байсан.  Сум орноо гэсэн сэтгэлтэй, нийгмийн идэвх сайтай хүн байсан даа. Манайх ам бүл олуулаа, би 5 ах, 3 эмэгтэй дүүтэй өнөр гэр бүлийн гишүүн шүү дээ.

-Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлтэйгөө хэзээнээс холбогдож ажиллах болов? Ер нь нутгаа гэсэн сэтгэл байнга “уяа”-тай явна биз?
-Нутгийн зөвлөлөөс зохион байгуулсан ажилд оролцдог, чадлынхаа хэмжээнд дэмждэгээс цаашгүй л явдаг байсан. Гэхдээ сум орон нутгаа гэсэн сэтгэл бол байнга уяатай байлгүй яахав. Анх 2014 онд нутгийн зөвлөлд тэргүүлэгчээр орж ажиллаж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл нэгэн үзүүрт сэтгэлээр бүх үйл ажиллагаанд оролцоод зохион байгуулалцаад явж байна даа.

-Нутагтаа хэр их очдог вэ? Сумынхаа өнөөдөр, ирээдүйн хөгжлийг хэрхэн харж, төсөөлж байна?
-Нутгийн зөвлөлийн ажлаар, баяр ёслолоор очно оо. Боломж л гарвал давхиад очмоор л байдаг юм. Оюутан болж ирээд 4 жил яваагүй, сургуулиа төгсөөд замын шууданд суугаад явж билээ. Тэгсэн хүмүүс хажууд унтаад байхад миний нойр огт хүрэхгүй явсаар байгаад очсон шүү. Төрж өссөн нутаг үнэхээр сайхан. Сум орон нутаг маань жилээс жилд хөгжиж байна. Олон сайхан бүтээн байгуулалт хийгдэхээр төлөвлөгдсөн, эхнээсээ ажил хэрэг болоод явж байна. Миний бодлоор өнөөдрийн хөгжил байшин барилга, бүтээн байгуулалт бол ирээдүйн хөгжил эдгээр бүтээн байгуулалт, сум орноо цааш хөгжүүлэн авч явах сайн боловсон хүчнийг бодлогоор бэлдэх зайлшгүй шаардлага байгаа юм болов уу гэж хардаг.

 -Санал нэг байна. Энэ талаар нутгийн зөвлөлөөс ямар нэг ажил хийхээр төлөвлөж байна уу?
-Өнгөрсөн 4-р сард зохион байгуулсан Нутгийн зөвлөлийн тэргүүлэгч нарын хурлаар Оюутны  зөвлөлийг шинэ бүтцэд орууллаа. Ингэснээр хэдэн оюутан, ямар мэргэжлээр сурч, хэд нь төгсөж байгаа зэрэг мэдээллүүдийг судалгаагаар гаргах боломжтой болж байгаа юм. Гол нь оюутнуудыг орлоготой болгох, мэргэжил эзэмшсэн оюутнуудыг ажлын байранд зуучлах зэрэг ажлуудыг хийхээр  төлөвлөн ажиллаж байна. Цаашлаад манай залуучуудаас сум орноо хөгжүүлэн авч явах сайн боловсон хүчнүүд төрөх нь дамжиггүй.

-Баян-Овоо сумын бахархал олон. Түүн дотроос онцолж таны бахархаж, бардамнаж явдаг зүйл юу байдаг бол?
-Манай сум олон сайхан бахархалтай, алдар цуутнуудтай. Эдгээрээр бахархахаас гадна төрж өссөн нутаг ус, төрүүлж өсгөсөн аав ээж, нутаг орны маань чимэг болсон ахмад буурлуудаараа үргэлж бахархаж, үг сургаалийг нь сонсож, өглөө бүр мөргөж залбирч явдаг даа.

-Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн тэргүүлэгчидтэйгээ, суугуул иргэдтэйгээ хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?
-Манай нутгийн зөвлөлд нутаг орноо гэсэн сэтгэлтэй, зүтгэлтэй олон сайхан ах, эгч нар байдаг. Эдгээр хүмүүсийнхээ тусламж дэмжлэгтэйгээр ажил бүтэмжтэй байна. Хийж бүтээх хүсэл тэмүүлэл, урам зоригтой урагшилж явна даа. Уугуул суугуул иргэдээс ахмадууд маань аливаад маш идэвхтэй оролцдог, харин манай залуучууд жаахан хойрго ханддаг нь нууц биш. Тиймээс идэвх санаачилгаа дээшлүүлээсэй гэж нутгийн залуустаа уриалмаар байна.

отоод, гадаадын байгууллага, хүмүүстэй харилцаа холбоо тогтоохын тулд юунд анхаарч ажиллах вэ? 
-Манай сум ӨМӨЗО-ны Бугат хотын Баян-Овоо дүүрэгтэй түншлэлийн ажиллагаатай. Энэ хамтын ажиллагаагаа  шинэ түвшинд гаргахаар олон ажлыг төлөвлөөд байна. Мөн нэр нэгтийн чих нэг гэгчээр Өмнөговь аймгийн Баян–Овоо, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумтай гурвалсан түншлэлийн хамтын ажиллагаатай байдаг. Бидэнд зорьсон төлөвлөсөн олон ажил бий.  

-Нутгийн зөвлөлийн даргын сонгуульт ажлыг нэлээд сэтгэлтэй, бас чамгүй бэл бэнчинтэй эрхэм хийдэг гэж ойлгоод байдаг. Буруу юу зөв үү?
-Бэл бэнчин гэхээс илүү, сэтгэлтэй хүмүүсийн хийдэг ажил юм шиг санагддаг. Гэхдээ нутгийн зөвлөлд тэргүүлэгчдийн татвараас өөр ямаг нэг санхүүжилт байдаггүй учраас аливаа ажил зохион байгуулахад хандив тусламжаар өөрийн зүгээс дэмжих зэрэг оролцоо байна аа. 

-Нутгийн зөвлөлөөс хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар, мөн ирээдүйн төлөвлөгөөнд ямар ажлууд багтсан байгаа вэ?
-Нутгийн зөвлөлийн даргын ажлыг хүлээн аваад хамт олныхоо дэмжлэгээр зохион байгуулсан ажлууд цөөнгүй бий. Тухайлбал Оны тэргүүн шалгаруулах “Алтан Баян-Овоо” шинэ жилийн цэнгүүнээ Улаанбаатар хотод зохион байгуулсан, Хан Хэнтийн Аварга дэвжээтэй хамтарч Баян-Овоо сумын нэрэмжит 64 бөхийн барилдааныг зохион байгуулж, уг арга хэмжээнд Баян-Овоо сумаас төрж гарсан аймаг, сумын цолтой бөхчүүдээ урьж хүндэтгэл үзүүлсэн. Мөн суманд өвөлжилт хүндэрч цаг зуурын бэрхшээлийг хохирол багатай давахад нь тус дэм болох зорилгоор “Малчиддаа тусалъя” хандивын аяныг өрнүүлсэн. Цагаан сарын золголтын арга хэмжээг Чингис хотын нутгийн зөвлөлтэй хамтарч зохион байгуулсан, уг арга хэмжээний үеэр ажил хөдөлмөрөө төр засагтаа үнэлүүлж, төрийн дээд одон медалиар шагнагдсан хүмүүс болоод улс, аймаг сумын сайн малчиддаа хүндэтгэл үзүүлж дурсгалын зүйл гардуулсан. Номч мэргэж гавьж С.Гомбожавын нэрэмжит “Жавхлантын хийд”-ийг шинээр бүтээн босгох ажлыг сумын ЗДТГ, Буяны үйл бүтээх “Гомбожав” сан санаачлан хандивын аяныг эхлүүлээд явж байгаа. Нутгийн зөвлөл Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа иргэдийнхээ дунд хандивын аяныг зохион байгуулсан. Хамгийн сүүлд л гэхэд бүтэц бүрэлдэхүүнийг шинээр батлах, шинэ зохион байгуулалтад орох зорилгоор бүх тэргүүлэгчдийн хурлыг зохион байгуулж, сум орноо гэсэн сэтгэлтэй залуучууд Нутгийн зөвлөлийн тэргүүлэгчээр орж ажиллахаар болсонд их баяртай байгаа. Ирээдүйд бид оюутан залуучуудаа нэгтгэх, залуучуудаа идэвхжүүлэх, олон нийтийн ямар нэг ажилд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх тал дээр ажлууд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Тэгвэл өөрийн тань энэ жилийн зорилго, төлөвлөгөөг хуваалцаж болох уу?
-Энэ жилийн зорилго гэвэл мэдээж хувийн бизнесээ зах зээлийнх нь зарчмаар амжилттай явуулах, сурч боловсрох зорилготой байна даа.

-  Гэр бүлээ танилцуулаач?
Манай эхнэрийг И.Гэрэлмаа гэдэг. Хасбанкны төв салбарт бүртгэл хяналтын ажилтнаар ажилладаг. Бид хүү, охинтой. Хүү Г.Ананд маань 3 настай цэцэрлэгт явдаг, Охин Г.Хулан маань ой гарантай.

-Залуусын давлагаа ихэнхдээ төв газар бараадаж, хот суурин, гадаад улсыг зорих болж. Таны хувьд хэзээ нэг өдөр нутагтаа очиж ажиллаж амьдрах хүсэл сэтгэл төрдөг үү?
-Баярлалаа цаг үеэ олсон асуулт байна. Залуу хүний хувьд сэтгэл эмзэглэж явдаг зүйлийн нэг. Мэдээж хүн гадны нэр хүндтэй сайн сургуульд сурч боловсорч болно, гэхдээ эргээд сурсан мэдсэнээ эх орон, цаашлаад сум орондоо зориулах нь бага байна. Хот хөдөөгийн ялгааг ойртуулж байж шилжилт хөдөлгөөн багасна. Ялгаа гэдэгт хөгжил, дэд бүтцээс гадна, ажлын байр, тогтмол орлого мэдээж орно. Найдвартай ажлын байртай, дэд бүтэц сайтай бол хөдөө шиг сайхан газар алга байна. Удахгүй тийм болох байх.

- Нутгийнхандаа хандсан сайхан ерөөлөөр хоёулаа энэ удаагийн яриагаа өндөрлөе.
-Унасан газар, угаасан усгүйгээр хүнийг төсөөлөхийн аргагүй шүү дээ. Тиймээс нутаг орныхоо хөгжлийн төлөө хүн бүр сэтгэл гарган ажиллаж, хөдөлмөрлөж үр шимийг нь хүртэж, төрж өссөн нутагтаа сайхан амьдарцгаая. Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
 Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ