106 настай афган дүрвэгчийг Шведээс албадан гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-09-05 10:11:00
СТОКГОЛЬМ. /VOA/. Дэлхийн хамгийн өндөр настай дүрвэгч болох 106 настай эмэгтэйн Швед улсад орогнох хүсэлтээс татгалзаж түүнийг албадан гаргах шийдвэр гаргажээ.
 
Бибихал Узбеки эмээгийн хүү болон ач хүү нар Афганистаны зүүн хойд хэсгийн Кундузаас Иран болон Туркээр дамжин зугтаж түүнийг нуруун дээрээ үүрэн Европт авч ирсэн байна. Тэдний аялал 2015 онд Сири, Афганистан, Ирак болон бусад орнуудаас асар их хүмүүс Европ руу дүрвэх үед эхэлжээ. Тэд Шведэд хүрэхээсээ өмнө Балканаар дамжин явган болон галт тэргээр явсан байна. Тэд 12-уулаа Шведийн Хова хэмээх жижиг тосгонд амьдарч байгаа юм.
 
Түүний гэр бүлийн ярьж байгаагаар Б.Узбеки нь өөрийнх нь өргөдлөөс татгалзсан гэдгийг сонсоод цус харвасан байна. Тэрбээр харж, ярьж, алхаж ч чадахааргүй хэвтэрт орсон учраас буцаад Афганистан руугаа явах нь бараг л боломжгүй зүйл болжээ.
 
Түүний гэр бүл одоогоор давж заалдах журмаар гомдол гаргасан байгаа бөгөөд Шведийн Цагаачлалын албанаас “Орогнох хүсэдлтийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан гэдэг нь үнэн. Өндөр настай байна гэдэг орогнох үндэслэл болохгүй” гэж мэдэгджээ.
 
Өргөдөл нь буцаагдсан тохиолдолд 3 удаа давж заалдах эрхтэй байдаг ч цаг хугацаа их шаарддаг байна.
 
 Х.Сарнай 
Холбоотой мэдээ