Умард Солонгосын цөмийн туршилт: АНУ-ын тэвчээр барагдаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-09-05 06:57:26
НЬЮ-ЙОРК. /Kyodo/. Умард Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээг чангатгах тухай тогтоолын төслийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд өргөн барихаар төлөвлөж байгаагаа АНУ мэдэгдлээ.

АНУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Никки Хэйли даваа гарагт болсон Аюулгүйн Зөвлөлийн яаралтай хуралдааны үеэр үг хэлэхдээ “Умард Солонгосын Ким Жөн Ун дайн өдөөж байна. Пхеньян ням гарагт зургаа дахь удаагийн цөмийн туршилтаа хийлээ. Ийм туршилт хийсэнтэй нь холбогдуулан Умард Солонгосын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах тухай тогтоолын төслийг бид боловсруулж байна. Удахгүй Аюулгүйн Зөвлөлд өргөн барина. Энэ тогтоолын төслийг ирэх долоо хоногийн даваа гараг гэхэд батлуулахаар төлөвлөж байна” гэжээ.

Япон, АНУ, Өмнөд Солонгос, Их Британи болон болон Франц улсын хүсэлтээр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл өчигдөр яаралтай хуралдаан хийсэн юм.

Пхеньяны эсрэг байж болох хамгийн чанга хатуу арга хэмжээг авахыг Аюулгүйн Зөвлөлд Н.Хэйли уриалаад “АНУ-д дайтах хүсэл огт байхгүй. Гэдээ манай улсын тэвчээр барагдаж байна” гэжээ.

Мөн Япон улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Коро Бэсшо хэлэхдээ “Ноцтой үр дагаварт хүргэх юм хийхээсээ өмнө бид Умард Солонгост илүү шахалт үзүүлэх хэрэгтэй. Умард Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээ Ким Жөн Унд “хангалтгүй” санагдаж байгаа бол хоригийг байж болох хэмжээнд нь тултал чангатгах хэрэгтэй” гэсэн байна.

Дипломат эх сурвалжуудын мэдээлснээр, Хятад болон Орост ажиллаж буй умард солонгосчуудыг нутаг буцаах, Умард Солонгост нефть нийлүүлэхийг зогсоох зэрэг арга хэмжээг Аюулгүйн Зөвлөлийн гишүүн улс орнууд авахаар төлөвлөж байгаа бололтой.

Харин Хятад болон Оросын төлөөлөгчид өчигдөр болсон яаралтай хуралдааны үеэр Пхеньяны эсрэг хориг арга хэмжээ авах тухай ам нээгээгүй байна.

Г.Доржханд
Холбоотой мэдээ