12 оноогоо хасуулсан Монгол жолоочийн тээврийн хэрэгслийг Эрээн рүү дахин нэвтрүүлэхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-09-04 17:25:20
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Эрээн хот дахь Консулын үйл ажиллагааны талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд захирал Д.Мөнхтүшиг өнөөдөр мэдээлэл хийв. 

БНХАУ-ын Эрээн хотын Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимийн Замын цагдаа, Замын хяналт шалгалтын албатай хамтран энэ сарын 15-наас эхлэн Замын-Үүд-Эрээн боомтоор нэвтэрч буй Монголын суудлын болон ачааны автомашинуудад үзлэг, шалгалт хийх болсноо мэдэгдсэн. Учир нь тус хилийн боомтоор нэвтэрч буй Монголын автомашинууд зөрчил ихээр гаргадаг, БНХАУ-ын хууль журмыг зөрчдөг, өнгө үзэмж муутай тээврийн хэрэгслээр үйлчилгээ хийдэг гэх мэт хэд хэдэн шалтгааны улмаас дээрх шийдвэрийг гаргасан юм. Зөвхөн энэ оны эхний долоон сарын байдлаар манай улсын жолооч нартай холбоотой 30,000 зөрчил илэрсэн байна. Тиймээс Монгол жолооч нарт БНХАУ-ын иргэд, жолооч нарт тавигддаг шаардлага, хуулийн дагуу адил хариуцлага тооцохоор болсон юм.

Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд захирал Д.Мөнхтүшиг "Хятадын талаас бидэнд өгсөн албан ёсны мэдээллээр Замын-Үүдээс Эрээн рүү гарч буй Монгол автомашинууд, ялангуяа УАЗ-469 болон ачааны автомашинууд техникийн бүрэн байдлыг хангадаггүй, өнгө үзэмж муутай, даац хэтрүүлж хөдөлгөөнд оролцон замын хөдөлгөөнд саад учруулдаг. Мөн жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо Хятадын хууль тогтоомжийг зөрчих, согтуугаар тээврийн хэрэгслийг жолоодох зэргээр олон удаагийн зөрчлийг гаргадаг. Тиймээс дээрх шийдвэрийг БНХАУ-ын талаас гаргасан. Хэрэв Монгол Улсын иргэн Эрээн хотод зорчиж байх хугацаандаа БНХАУ-ын Замын аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг зөрчвөл 1-12 хүртэлх оноо хасч, 50-2000 юаниар торгох арга хэмжээ авах юм. Согтуугаар жолоо барьсан тохиолдолд согтолтын зэргээс нь хамаарч 12 оноо хасч, 200 юаниар торгоно. Мөн нийтдээ 12 оноо хасуулсан Монгол Улсын жолоочийн тээврийн хэрэгслийг Эрээн хот руу дахин нэвтрүүлэхгүй" гэв.

Өнөөдрийн байдлаар Замын-Үүдэд 1,500 орчим УАЗ 469 маркийн автомашинууд үйлчилж байна гэсэн тоо байдаг аж. Үүнээс өдөрт 500-800 автомашин хилээр нэвтэрдэг байна. 
Н.Туяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ