Оросын баг волейболын ЕАШТ-д түрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2017-09-04 17:21:26

МОСКВА. /TASS/. Наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 3-ны хооронд Польш улсад болсон волейболын Европын АШТ-д Оросын эрэгтэйчүүдийн шигшээ баг түрүүлжээ.

Аваргын төлөөх тоглолтод Оросын шигшээ багийнхан Германы багийг 3:2 оноогоор хожсон байна.

“Маш хүнд тоглолт байлаа. ЕАШТ-ий шувтаргын тоглолт амаргүй байх нь ойлгомжтой” гэж Польшийн Краков хотод өчигдөр болсон аваргын төлөөх тоглолтын дараа Оросын шигшээ багийн дасгалжуулагч Сергей Шляпников ярьжээ.

2017 оны ЕАШТ-ий хүрэл медалийг Сербийн баг Бельгийн багийг 3:2 оноогоор хожсоноор авсан байна.

Оросын шигшээ багийн 29 настай тоглогч Максим Михайлов ЕАШТ-ий “хамгийн үнэ цэнэтэй тоглогч”-оор тодорчээ.

Оросын эрэгтэйчүүдийн шигшээ баг 2013 онд мөн ЕАШТ-д түрүүлж байсан бол 1999, 2005 болон 2007 онд мөнгөн медаль хүртэж байжээ. Харин 1993, 2001 болон 2003 онд Оросын волейболчид ЕАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан гэнэ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ