БНХАУ-ын шинэ зөөгч пуужин тойрог замд нэгэн зэрэг зургаан хиймэл дагуулыг гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
bars@montsame.mn
2017-08-31 15:10:19
БЭЭЖИН./TASS/. Хятадын хатуу түлшээр ажилладаг “Куайжоу-11” шинэ зөөгч пуужин анхны хөөрөлтөөрөө тойрог замд нэгэн зэрэг зургаан сансрын хиймэл дагуулыг гаргах ажээ. Энэ тухай пүрэв гарагт Хятадын төв телевизээр мэдээлжээ.

Дээрх зөөгч пуужинг яг хэдийд хаанаас хөөргөх нь тодорхой байгаа бол шинэ зөөгч пуужингаар ачаа тээвэрлэх нь түрүүчийн “Куайжоу-1А” зөөгч пуужингаас хоёр дахин хямд байх ажээ. 1 кг ашигт ачаа 20 000 доллар байсан бол одоо 10 000 доллар болж байгаа аж.

“Арилжааны багавтар пуужинг тойрог замд гаргахад 1 кг ачаа их төлөв 25000-40000 долларын үнэтэй байдаг. Харин “Куайжоу-11” Хятадын ийм төрлийн сансрын технологийн өрсөлдөх чадварыг эрс дээшлүүлэх юм” гэж Хятадын агаарын орон зай, сансрын уудмын судалгаа, үйлдвэрлэлийн корпорацаас мэдэгджээ.

Хатуу түлшээр ажилладаг Хятадын анхны зөөгч пуужин тойрог замд 300кг хүртэлх ачааг хүргэх чадалтай байсан бол “Куайжоу-11” зөөгч пуужин 1 тонн хүртлэх жинтэй ачааг 700км-ийн өндөрт гаргах чадалтай ажээ.

Хятад улс 2020 гэхэд жилд 50 хүртэл пуужин, 140 хиймэл дагуул үйлдвэрлэдэг болно гэсэн тооцоо байдаг байна. “Куайжоу-11”-г энэ ондоо багтаан хөөргөхөөр төлөвлөж байгаа аж.
О.Барс 
Холбоотой мэдээ