Чингис хотын хүн ам 13.7 хувиар өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-08-29 20:14:51
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Статистикийн хэлтсээс гаргасан хүн ам зүйн үзүүлэлтээр “2016 оны жилийн эцсийн байдлаар тус аймгийн 23,8 мянган айл өрхөд 73,6 мянган хүн амьдарч байна. Үүнээс аймгийн нийт хүн амын 26,6%, өрхийн 26,3% нь Хэрлэн сум буюу Чингис хотод оршин сууж байна” гэсэн тоо баримт бий.

Хэрлэн сумын хүн амын өсөлтийн тухайд, 2016 оны тоог 2012 оныхтой харьцуулахад 13.7 хувиар буюу 2653 хүнээр нэмэгджээ. Мөн өрхийн тоо 778-аар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Харин сүүлийн таван жилийн нас баралтын төлөв байдлыг харахад өсөх хандлагатай байгаа юм. 2012 онд Хэнтий аймгийн хэмжээний нийт нас баралтын 17,5%-ийг  Чингис хотын хүн амын нас баралт эзэлж байсан бол 2015 оны байдлаар 22,6% болж өсчээ. Чингис хотын иргэдийн нас баралтын тоог шалтгаанаар задлан харвал зүрх судасны өвчин 30-40 хувийг, гэмтэл болон гадны шалтгаан 9-17 хувийг, хоол боловсруулах тогтолцооны өвчин 11-19 хувийг, хавдрын өвчин 20 хувийг тус тус бүрдүүлж байна.

Монгол орны газар нутагт анхны төрт улс тогтсон үеэс хүн амаа бүртгэх тодорхой хүн амын бодлогыг баримталж иржээ. Хүн ам зүйн үзүүлэлт нь хүн амын талаар төрөөс баримтлах бодлого чиглэлийг боловсруулах, хэрэгжүүлэх, хууль эрх зүйн үндсийг боловсруулахад  чухал нөлөөтэйгөөс гадна алив хот, аймгийн хөгжлийг тодорхойлох нэгэн том жишээ болж өгдөг байна.
  Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ