АНУ НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцох төлөөлөгчдийн тоогоо цөөлнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-08-29 14:26:41
ВАШИНГТОН./TASS/. АНУ 9 дүгээр сард болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн улс төрийн ерөнхий хэлэлцүүлэгт оролцох дипломат төлөөлөгчдийн тоогоо хэдэн зуун хүнээр бууруулахаар болжээ. Энэ тухай даваа гарагт “Politico” сонин тус улсын Төрийн департаментын эх сурвалжийг иш татан мэдээлжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр, төлөөлөгчдийн тоог бууруулах нь тус улсын гадаад бодлогын яамны төсвийг багасгах замаар шинэчлэл хийх гэж буй Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсоны хүсэлтэй холбоотой ажээ. Ерөнхий Ассамблейн улс төрийн хэлэлцүүлэгт оролцуулахаар Вашингтон жил бүр Ерөнхийлөгчийн аюулгүй байдлыг албаныхныг оролцуулан дундажаар 1000 гаруй хүн илгээдэг байна.

Энэ удаад яг хэдэн дипломатч НҮБ-ын Нью-Йорк дахь төв байр руу явах нь тодорхойгүй байгаа ч хэдэн зуун хүнээр багасах нь тодорхой болжээ. Тус сонинд мэдээлснээр, өмнө нь Гадаад бодлогын яамны тэргүүнийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хэлэлцүүлэгт явахад нь хэд хэдэн орлогч нь дагалдан явдаг байсан бол энэ удаад ганцхан орлогчид явахыг зөвшөөрчээ.

Үүнээс гадна, Төрийн департаментын цөмийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн төлөөлөгчид болон хуулийн зөвлөхүүд ердөө нэг өдрийн хугацаагаар явах аж. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хэлэлцүүлэг болон төрөл бүрийн арга хэмжээнд оролцохыг хүссэн тус яамны ажилтнууд удирдлагаасаа тусгай зөвшөөрөл авах ёстой ба уг зөвшөөрлийн тоо эрс цөөрчээ гэж Politico сонинд онцлон дурджээ. Төрийн департаментын зарим хэлтсүүдэд өөрийн төлөөлөгчдөө Нью-Йорк руу явуулахыг хориглосон байна.

Ерөнхий Ассамблейн улс төрийн ерөнхий хэлэлцүүлэг 9 дүгээр сарын 19-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш, Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганы дарга Мирослав Лайчак тус бүр үг хэлснээр эхлэх юм. Чуулганы эхний өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Армен, Боливи, Афганистан, Бразил, Израиль, Польш, Узбекистан, Франц зэрэг улс орны төрийн тэргүүн нар индэрт гарч үг хэлэх ажээ.

Ерөнхий Ассамблейн санал шүүмжлэл 9 дүгээр сарын 25 хүртэл үргэлжилнэ. Чуулганы урьдчилсан төлөвлөгөөгөөр 9 дүгээр сарын 21-нд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров үг хэлэх бол сүүлийн өдөр Умард Солонгос, Сирийн Гадаад хэргийн сайд нар үг хэлэх ажээ.
О.Барс 
Холбоотой мэдээ