Реппер Кэндрик Ламар "MTV Video Music Awards"-т тэргүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
sarnai@montsame.mn
2017-08-28 13:20:02

ЛОС-АНЖЕЛЕС. /BBC/. Калифорни мужийн Инглвуд хотод хөгжмийн ертөнцөд өнгөрсөн нэг жилийн хугацаанд гарсан хамгийн шилдэг видео клипүүдийг шалгаруулдаг MTV Video Music Awards 2017” шагнал гардуулах ёслол амжилттай зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээг энэ удаад дуучин Кэти Перри хөтөлсөн бөгөөд дуучин Ники Минажтай хамтарсан уран бүтээлээ тайзнаа толилуулсан байна.

Энэ удаагийн "MTV Video Music Awards" хөгжмийн наадамд рэппер Кэндрик Ламар 6 шагнал хүртжээ. 

Тэрбээр тус шагнал гардуулах ёслолыг өөрийн уран бүтээлээрээ нээсний дараа "Humble" дуугаараа “Шилдэг видео, “Шилдэг хип хоп, “Шилдэг уран бүтээлч”,"Шилдэг дүрсний эффект" зэрэг шагналуудыг хүртсэн юм. 

Английн дуучин, ая зохиогч Эд Шийран наадам дээр рэппер Лил Узи Верттэй хамтарсан уран бүтээлээ толилуулаад зогсохгүй оны шилдэг уран бүтээлч шагналыг хүртсэн бол дуучин Тэйлор Свифт тайзан дээр гараагүй юм.Түүний шүтэн бишрэгчид  Look What You Made Me Do шинэ дууны клипний анхны үзэгчид болсондоо сэтгэл хангалуун байгаа бөгөөд уг клип Youtube видео порталд байршуулснаас нэг цагийн дотор 500 мянган хандалттай болсон юм. Харин дуучин бүсгүй Заян Маликтай дуулсан дуугаараа шилдэг хамтарсан уран бүтээл шагналыг хүртлээ. 

Энэ үдэш Калифорни мужийн Инглвуд хотод хөгжмийн ертөнцийн бүхий л алдартай одууд хуран цугларчээ. Тухайлбал арга хэмжээний улаан хивсэн дээр дуучин Лорде, Деми Ловато, DJ Халед, Ванесса Хадженс, Пинк, Ники Минаж болон бусад олон уран бүтээлчид хүрэлцэн иржээ. 


Х.Сарнай 

 

 
Холбоотой мэдээ