Дэлхийн нөлөө бүхий хүнээр Путин тодорчээ

Дэлхийд
aminaa@montsame.mn
2015-11-05 16:00:07

МОСКВА. /Sputnik/. 2015 оны дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн шинэ жагсаалтыг АНУ-ын нэрт “Forbes” сэтгүүл гаргажээ. Оросын Ерөнхийлөгч Владимир Путин гурав дах жилдээ нэгт, Германы Канцлер Ангела Меркель хоёрт, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама гуравт дараалан жагсжээ.  

“Крымыг салган тусгаарласнаас үүдэн Орост авсан хориг арга хэмжээнээс улбаалан рублийн ханш унаж, Орос улс эдийн засгийн уналтад орсон. Гэвч уг явдал Путины нэр хүндэд сөргөөр нөлөөлөөгүй нь харагдаж, түүний батлах чансаа 6 дугаар сард 89 хувьтай байсан юм. Түүнчлэн Сирид агаарын цохилт амжилттай өгснөөр тус бүс нутагт НАТО, АНУ-ын нөлөөг сулруулж, гадаадад Оросын нэр хүндийг өндөрт өргөсөн” гэж  “Forbes” сэтгүүлд  бичсэн байна.

Германы Канцлер Ангела Меркель хоёрт жагсаж, дэлхийн хамгийн их нөлөө бүхий эмэгтэйгээр шалгарав. Сирийн дүрвэгчид, Грекийн зээлийн асуудлаарх түүний шийдвэртэй байр суурийг харгалзан үзэж хоёрт бичсэн байна.

Гуравдугаарт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама оржээ. Сүүлчийн жилдээ ерөнхийлөгчийн алба хашиж буй түүний чансаа дотоод, гадаадад унаж байна гэж “Forbes” сэтгүүл дүгнэжээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ