Хэнтийнхний хэрэгцээг хангадаг улаан тоосгыг байгалийн хөх шавраар хийдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-08-15 12:46:38
Хэнтий /МОНЦАМЭ/. Сүүлийн 50 жилийн хугацаанд Хэнтийнхний хэрэгцээг хангаж буй улаан тоосго нь 2007, 2008 оны Зүүн бүсийн брэнд бүтээгдэхүүнээр шалгарч байжээ.

Хэнтий аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба-Хорих 419 дүгээр ангийн хоригдогчдын хийдэг уг даацын тоосгыг 45 км-ийн зайнаас буюу Баянхутаг сумаас авчирсан цэвэр байгалийн хөх шавраар хийдэг аж. Тоосго үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг 1967 онд Болгар улсаас авчран, 1968 оноос үйлдвэрлэлээ эхэлжээ. Зах зээлийн эдийн засгийн хямралын үед уг үйлдвэр 10 гаруй жил ажиллаагүй байсныг 2008 онд хурандаа М.Алтан-Очир дахин ашиглалтад оруулсан байна.

Тоосгоны үйлдвэрийн тоног төхөөрөмжийн элэгдэл, олон төрлийн механик үйлдлийг хөнгөвчлөх зорилгоор 2014 онд улсын төсвөөс БНХАУ-ын 82 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийжээ. Уг үйлдвэрт 80 хүн ажиллах бөгөөд жилдээ сая гаруй тоосго үйлдвэрлэх хүчин чадалтай. Улирлын чанартай энэ үйлдвэрлэлийн шатаалт 11 сар хүртэл явагддаг гэнэ.

Хорих ангийн хоригдогчид тоосгоос гадна авто замын болон явган замын боржур, замын хавтан, блок үйлдвэрлэдэг байна. Төрийн байгууллага учраас зар сурталчилгаа хийн бүтээгдэхүүнээ борлуулдаггүй, иргэдийнхээ захиалгаар үйлдвэрлэдэг аж. Хоригдогчид тогтсон цагаар ажиллаж, тогтоосон тарифаар цалинждаг байна.

Баялаг бүтээгч энэ хамт олон бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зэрэгцээ байгаль орчноо хамгаалан, голд урсах гялгар уут, усны сав зэрэг хаягдлыг түүж цэвэрлэдэг гэнэ. Хаягдал нэртэй эдгээр баялгийг дахин боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл боловсруулан холбогдох байгууллагад нь хүргүүлээд, хариу хүлээж буйгаа Тоосгоны үйлдвэрийн дарга Г.Дөлгөөн ярилаа.
 
Д.Одонтунгалаг
 
Холбоотой мэдээ