Хятад улс Умард Солонгосоос ашигт малтмал импортлохыг хориглов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2017-08-15 12:33:40
БЭЭЖИН. /Xinhua/.  НҮБ-ын хамгийн сүүлд баталсан хориг арга хэмжээний тогтоолын хүрээнд Умард Солонгосоос нүүрс болон бусад ашигт малтмал импортлохыг бүрэн зогсоож байгаагаа Хятад улсын Засгийн газар мэдэгдлээ.

Өнгөрсөн сард тив алгасах хоёр баллистик пуужин харвасантай нь холбогдуулан  Умард Солонгосын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах тухай тогтоолын төслийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн улс орнууд энэ сарын 5-нд санал нэгтэйгээр баталсан юм.

Хятад улс энэ тогтоолыг дагаж мөрдөн Умард Солонгосоос нүүрс, төмрийн хүдэр болон далайн гаралтай бүтээгдэхүүн зэрэг ашигт малтмалыг импортлохоо зогсоохоор шийдсэн байна. Нүүрс бол Умард Солонгосын хувьд орлогын гол эх үүсвэр билээ.

БНХАУ-ын Худалдааны яамны мэдэгдсэнээр, тус улсын энэ хориг наймдугаар сарын 15 буюу өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байгаа аж.

“НҮБ болон улс орнуудын Умард Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээг Бээжин дагаж мөрдөхгүй байна. Хятадын компаниуд болон иргэд Умард Солонгостой бизнесийн салбарт харилцаа холбоотой байгааг зогсоохын тулд хангалттай арга хэмжээ авахгүй байна” гэж Хятадын Засгийн газрыг АНУ тэргүүтэй улс орнууд шүүмжилж байсан юм.
Г.Доржханд
Холбоотой мэдээ