"Coca Cola" 1 сая долларын шагналтай уралдаан зарлав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИНХоол хүнсэн дэх чихрийг орлох байгалийн гаралтай, аюулгүй, илчлэг багатай бодисыг гаргаж авах нээлттэй уралдааныг тус компани саяхан дэлхийн бүх судлаачдын дунд зарласан байна.
Ингэхдээ яг л чихэрлэг зүйл амталж байгаа мэт мэдрэмж, таашаалыг төрүүлж чадах энэ бодисыг ховордсон, хуулиар хамгаалагдсан байгалийн эх үүсвэрээс гаргаж авахгүй байх шаардлага тавьжээ.
Хэрвээ энэ даалгаврыг биелүүлж чадвал 4.8 их наяд доллароор хэмжигдэж буй дэлхийн савласан хүнсний салбарт томоохон хувьсгал болно.
Дэлхий нийтээрээ эрүүл хооллолтыг илүүд үзэх болсонтой холбоотойгоор тус компанийн ундааны борлуулалт сүүлийн жилүүдэд буурах болжээ. Тухайлбал, сүүлийн 15 жилийн хугацаанд америкчуудын чихэрлэг ундааны хэрэглээ 19 хувиар буурсан байна. Зөвхөн "Coca Cola" төдийгүй ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч бусад компанийн борлуулалт ч буурсаар байгаа гэнэ.
Эдгээр компаниуд чихрийг орлох, хүний биед ач тустай бодис гаргаж авахаар олон жил судалж байгаа хэдий ч ийм бодисыг өнөө хэр нь гаргаж авч чадаагүй байна.
Г.Доржханд