Халхын хэцүү То вангийн мэндэлсний 220 жилийн ойг тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2017-08-05 08:49:53
Дорнод /МОНЦАМЭ/. То ван Тогтохтөрийн мэндэлсний түүхт 220 жилийн ойг Дорнод аймгийн Халхгол суманд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Ойн баяр энэ сарын 11-20-ны өдрүүдэд болно. 
Тус аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг бэлтгэлээ хэдүйн базааж, ирэх 7 хоногт ойн хүрээн дэх төлөвлөгөөт ажлыг эхлүүлэх гэж байна. Ойн хүрээнд Халхгол суманд баяр наадам хийж, Вангийн цагаан уул, Их бурхантын тахилга, Их бурхантын сүмийн шав тавих ёслол, Түмэн адууны баяр, эрдэм шинжилгээний бага хурлыг товложээ.
Түүхэнд “Халхын хэцүү То ван” хэмээн алдаршсан Бат-Очирын Тогтохтөр нь 1797 оны есдүгээр сарын 15-нд Сэцэнхан аймгийн Илдэн засгийн хошууны нутаг “Сангийн далай” хэмээх газарт засаг ноён Бат-Очирын гэр бүлд төржээ. Тэрээр хоёр зууны тэртээ “Монгол Улсын төрийн болон эдийн засгийн тусгаар тогтнолын үндсийн үндэс нь, монгол хүнийг өв тэгш гэгээрүүлэн хөгжүүлж, аж байдлыг нь бүхий л талаар өөд татах явдал” хэмээн мэргэн сургаалиа айлдаж байв.
Дорнод аймгийн Халхгол суман дахь Их бурхант хэмээх чулуун бурхны цогцолборыг То ван санаачлан бүтээлгэсэн байдаг. Сонирхуулахад, Их Бурханыг Монгол улсын дорнод хил хязгаарыг аюул гамшгаас хамгаалахын билгэдэл болгон барьсан гэж олны дунд яригддаг боловч To ван ард олон шүтлэг бишрэлээс шалтгаалж асар их эд хөрөнгөө Түвд, Энэтхэг, Хятад руу урсгаж байгааг гярхай ажиглаж энэ бүх буяныг нутаг орондоо тогтоох зорилгоор барьсан ч гэж үздэг.
То ван тухайн цаг үедээ сийрэг ухаан, төрт ёсны утга зорилгыг эрхэмлэн дээдэлдэг байснаараа олны хүндлэлийг эрхгүй хүлээж байв. 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ