Хятад-Монголын худалдааны эргэлт 44.2 хувиар нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2017-08-01 18:08:23
БЭЭЖИН. /GlobalTimes/. 2017 оны эхний хагаст БНХАУ болон Монгол Улс хоорондын худалдаа өнгөрсөн оны мөн үеийнхээс 44.2 хувиар нэмэгдэн 3.1 тэрбум долларт хүрсэн гэж Хятад улсын Худалдааны дэд сайд Чянь Кэмин өнөөдөр Бээжин хотноо хэвлэлийн бага хурал хийх үеэрээ мэдэгдлээ.

2017 оны зургадугаар сарын байдлаар, Хятадын Монголд хийсэн шууд хөрөнгө оруулалт 4.1 тэрбум долларт хүрчээ. Ингэснээр Монголын гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээг 30 хувиар нэмэгдүүлсэн байна.

Хятад-Монголын худалдааны хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэхийн тулд Хятад улс “Бүс ба Зам” санаачилгад хамаарах гэрээ хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэхийн сацуу дэд бүтэц, хөдөө аж ахуй, уул уурхай зэрэг салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх ажлыг өрнүүлэх болно гэж дэд сайд Чянь Кэмин цохон тэмдэглэжээ.

Хятад-Монголын харилцааг шинэ түвшинд гаргах хоёр талын хоёр дахь удаагийн ЭКСПО ирэх сарын 26-30-нд Өвөр Монголын ӨЗО-ны нийслэл Хөх хотод болно гэж уг хэвлэлийн бага хурлын үеэр Хятад улсын Худалдааны яам мэдэгдсэн байна.


Энэ удаагийн ЭКСПО-г “Хятад-Монгол-Оросын эдийн засгийн зурвасыг бий болгож, дэлхий нийтэд хандсан хамтын ажиллагааг бэхжүүлж, хамтаараа ололт амжилтад хүрэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулах аж.

Хятад улс бол олон жилийн тэртээгээс Монголын худалдааны хамгийн том түнш байсаар ирсэн. Албан ёсны тайлан мэдээнд дурдсанаар, 2016 онд хоёр талын худалдаа 4.61 тэрбум доллароор хэмжигдэж байсан бөгөөд Монголын нийт худалдааны 60 хувийг Хятад улстай хийсэн худалдаа эзэлж байжээ.

Тус хоёр улс эдийн засаг, техникийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлсээр байгаа билээ. Хоёр талын харилцааг улам бүр бэхжүүлэхийн тулд Хятад улс хүчин чармайлт гаргасаар байна. Тухайлбал, Монголд дэд бүтэц барьж, ард иргэдийнхээ аж амьдралыг сайжруулахад нь туслахын зэрэгцээ солилцооны хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна.

http://www.globaltimes.cn/content/1059044.shtml

Г.Доржханд
Холбоотой мэдээ