Эгэл жирийн малчны охин туялзуур сэлэмний спортын мастер болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-07-29 20:57:32

Б.Амарзаяа энэ жил Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургуулийн 12 дугаар ангийг дүүргэсэн байна. Анх “Уурхайчин” спорт цогцолборын Б.Хатанзориг багшийг зөвлөхөд их сонирхолтой санагдаж, хичээллээд удаагүй байхдаа анхны тэмцээндээ 3-р байр эзэлсэн нь түүнд урам  зориг өгчээ. Аав, ээж, дотны хүмүүс нь бүгд дэмжиж, шаргуу хичээллэсний үр дүнд тамирчин охин маань өнгөрөгч 5 сард спортын мастер хэмээх хүндтэй цолыг хүртээд байна. Цол дагаж бяр нэмнэ гэгчээр цол хүртсэн даруйдаа Б.Амарзаяа Насанд хүрэгчдийн УАШТ-ний ганцаарчилсан болон багийн төрөлд алтан медаль хүртжээ.

Шинэхэн мастер маань 2015 онд Өсвөрийн U16 насны УАШТ, Насанд хүрэгчдийн УАШТ-д аваргалж, Монголын шилдэг сэлэмчдийн Гран-При тэмцээний дэд байр, Багануур хотын аварга, “Уурхайчин” клубын “Шилдэг тамирчин”, Багануур дүүргийн “Тэргүүний тамирчин”-аар тус тус шалгарч, 2016 оны Залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд алтан медалиар өнгөлж, олон тэмцээний шагналт байруудыг түүчээлж байсан юм.

Мөн UB Fencing Club-ээс “Сэлэмт довтолгоо” гэрэл зургийн уралдааныг 1 лайк-1 оноо, 1 шэйр-1 оноо гэсэн шалгаруулалтаар явуулахад Б.Амарзаяа 2967 оноо авч 2 дугаар байр эзэлжээ.

Соёлтой, ухаалаг гэх тодотголтой туялзуур сэлэмний спортыг биеийн хүчний шатар гэж нэрлэдэг аж. Сэлэмний спорт нь шатар шиг тогтмол, үндсэн техникүүдийг ашиглан, өрсөлдөгчийн гаргасан үйлдлийн эсрэг хариу үйлдлийг тооцоолон тулалддаг спорт юм. Энэхүү спортыг XVII зууны үе буюу 1800 оны сүүлээр Францад үүссэн гэж үздэг. Туялзуур сэлэм “Epee”, “Foil”, “Saber” гэсэн үндсэн гурван төрлийн тулаантай. Тусгай зам дээр гарч тулаан хийхээс өмнө өрсөлдөгчөө судлан, давуу болоод сул талыг нь анзаарч, түүнд нь тааруулж төлөвлөгөө боловсруулан толгойдоо тулалддаг. Богино хугацаанд өндөр оноо цуглуулах ёстой учир ширүүн тулаан болдог, сонирхолтой спортын төрөл аж.
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ