"Их Алтай" фестивальд Баян-Өлгий аймгийн тамирчид оролцох эсэх нь тодорхойгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-07-27 17:49:04
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. "Алтай бидний нийтийн гэр" Олон Улсын зохицуулах зөвлөлийн ажлын төлөвлөгөөний хүрээнд 2 жил тутам зохион байгуулагддаг «Их алтай» аялал жуулчлал-спортын фестиваль ирэх сарын 12-19-ний өдрүүдэд Казахстан улсын Дорнод Казахстан мужийн Катон-Карагай үндэсний парк болон Бухтырма нуурт болно гэж тус зөвлөлийн http://www.altaiinter.info сайт мэдээллээ.

Фестивалийн хөтөлбөрт явган аялал, усан аялал, морин аялал, холимог аялал, дугуйн аялал, рафтинг, авто аялал, мото аялал, мотопланеризм, парапланеризм, загас агнах, олс таталт болон үндэсний спортын төрлүүдээр уралдаан тэмцээнүүд зохион байгуулагдахаар тусгагдсан бөгөөд “Алтай бидний нийтийн гэр” олон улсын зохицуулах зөвлөлийн гишүүн бүс нутгууд болох БН Казахстан Улсын Дорнод Казахстан муж, ОХУ-ын Алтайн БНУлс, Алтайн хязгаар, БНХАУ-ын Шинжаан Уйгарын Өөртөө Засах орон, Монгол Улсын Баян-Өлгий, Ховд аймгийн тамирчид оролцох аж.

Харин аймгийн Биеийн тамир, спортын газраас өгсөн мэдээллээр уг фестивальд Баян-Өлгий аймгаас тамирчид оролцох эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Дашрамд хэлэхэд, "Их алтай" аялал жуулчлал-спортын фестиваль анх 2013 онд Баян-Өлгий, Ховд аймгийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдаж, нийтдээ 500 гаруй хүн оролцож байсан юм. 

Ө.Нурболат
Холбоотой мэдээ