Ноосны эрэлт нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-07-25 12:21:12
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Тус аймагт ноосны үнэ өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад харьцангуй нэмэгдэж, улаан хонины ноос  кг нь 1300 төгрөг, цагаан хонины ноос 1800 төгрөг, тэмээний ноос 4500 төгрөгт хүрчээ.

Ноосны үнэ нэмэгдэхэд зах зээлийн өрсөлдөөн нөлөөлсөн талаар «Аватекс Кайнар Ноос» ХХК-нийн ерөнхийлөгч С.Хыдырпатша ярьж байна. Тэрээр: «Анх манай охин компани болох «Файнноос» ХХК ноосны үнийг 200 төгрөгөөр тогтоож худалдаж авч эхэлсэн. Сүүлдээ «Эрдэнэт хивс», «Алтай кашемир» зэрэг компаниуд өрсөлдөн ноос авч эхэлснээс ийнхүү үнэ нэмэгдэн малчдын амьдралд эерэгээр нөлөөлж байна» гэв.

Малчид ийнхүү хонины ноосоо Монголын ноос боловсруулах холбоогоор баталгаажсан компаниудад худалдахаас гадна Засгийн газраас тогтоосон тарифийн дагуу тушаасан нэг кг тэмээний ноосонд хоёр мянга, хонины ноосонд мянган төгрөгийн урамшуулал авах боломжтой аж.

Өнгөрсөн жил тус аймгийн малчид 613,9 сая төгрөгийн урамшуулал авчээ.
 
Ө.Нурболат
Холбоотой мэдээ