“Торгоны зам ба Хархорин” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг уламжлал болгон зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-07-21 11:57:17
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Хархорин сумын Хархорум хотод “Торгоны зам ба Хархорин” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болж өндөрлөлөө.

Энэхүү бага хурлыг ЮНЕСКО-ийн 2 дугаар зэрэглэлийн хүрээлэн болох Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газар болон Баянговь жуулчны бааз хамтран Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргаа, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс болон Хархорум музейн дэмжлэгтэйгээр зохион байгуулав. 

Тус хурлаар УИХ-ын гишүүн, бүс нутгийн болон салбарын төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид цугларч, торгоны зам, соёлын өвийг хамгаалах, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх арга замууд, судалгаа, шинэлэг бодлого зэрэг сэдвүүдийг хэлэлцэж, дадлага туршлага, ололт амжилтаасаа хуваалцан хурлын төгсгөлд зөвлөмж гаргалаа. 

Бага хуралд ЮНЕСКО-ийн Бээжин дэх Төлөөлөгчийн газрын соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн Хималчули Гурунг, ӨМӨЗО-ны Аж Үйлдвэрлэлийн Их Сургуулийн Аялал Жуулчлалын тэнхимийн эрхлэгч Шиао Мей Бай болон эрдэмтэн судлаачид 20 гаруй эрдэм шинжилгээний илтгэлүүд тавьсан бөгөөд соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд онцлон анхаарч ажиллалаа. Энэхүү арга хэмжээ нь Торгоны зам ба Хархорин болон тус бүс нутаг дахь соёлын аялал жуулчлалыг цаашид тогтвортой хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулах юм. ЮНЕСКО-ийн Дэлхийн соёлын өв болох Орхоны хөндийн дурсгалт газарт орших Хархорум хотын иргэдэд соёлын өвийн боловсрол олгох зорилготой энэхүү хурлыг цаашид жил бүр уламжлал  болгон зохион байгуулах аж.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ