Ойн салбарт ажиллах мэргэжлийн ур чадвартай ажилчдыг бэлтгэнэ

Монголын мэдээ | Байгаль орчин
ariunbold@montsame.mn
2017-07-21 11:41:13
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ, БНСУ-ын нийгмийн халамжийн “Кэй Ти энд Жи” байгууллага,  “Ногоон Ази сүлжээ” олон улсын ТББ-тай  хамтран “Ойн аж ахуйн сургалтын төв” байгуулж, ашиглалтад орууллаа.

Монгол орны нийт газар нутгийн ердөө 8 хувийг ой мод эзэлдэг. Уур амьсгалын өөрчлөлт, байгаль экологийн доройтол ялангуяа хүний буруутай үйл ажиллагааны улмаас ойн нөөц жилээс жилд багасч байна. Сүүлийн 20 жилд түймэр, хортон шавьж болон хууль бус мод огтлолтоос шалтгаалан 1.2 сая га-гаар ойн талбай хорогдсон гэх статистик бий. Хэдийгээр Улсын хэмжээнд 1600 гаруй ойн нөхөрлөл үйл ажиллагаа явуулдаг боловч 10 хүрэхгүй хувьд нь мэргэжлийн хүмүүс ажилладаг байна. Тиймээс ойн салбарт ажиллах мэргэжлийн ур чадвартай ажилчдыг бэлтгэх асуудлыг төрөөс бодлогоор дэмжих зорилгоор дээрх төвийг байгуулж байгаа юм.

Хот суурин газрын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн талбай  Улаанбаатар хотод дөнгөж 3.2 ам метр буюу дэлхийн дунджаас даруй 7.5 дахин бага байгаа юм. Тиймээс Засгийн газар нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, байгаль орчны нөхөн сэргээлтийг нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байгааг БОАЖ-ын сайд Д.Оюунхорол нээлтийн үеэр онцлов.

Тэрбээр, “Энэхүү төв ашиглалтад орсноор Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Ногоон Хөгжлийн бодлого, Төрөөс ойн талаар баримтлах бодлогод тусгаад зорилтуудаа биелүүлэхэд чухал түлхэц болно” хэмээв.

“Ойн аж ахуйн сургалтын төв”-д хичээлийн анги танхим, хоолны газраас гадна хөдөө орон нутгаас ирж буй оюутнуудад дотуур байрны зориулалтаар ашиглах өрөө тасалгаануудыг ч иж бүрнээр нь тохижуулжээ.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ