Ж.Болд: Хэрэг илрүүлэлтийн түвшинг ахиулахын төлөө ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-07-18 23:04:38
Хэнтий /МОНЦАМЭ/ Хуульч, эрх зүйч мэргэжлийг өвөрлөн төрж өссөн нутагтаа ажлын гараагаа эхлүүлж байсан залуу 16 жилийн дараа аймгийнхаа Цагдаагийн газрын даргаар томилогдон ирнэ гэдэг бахархалтай хэрэг. Ингээд шинэхэн албанд томилогдоод буй Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа Жамсранжавын Болдтой хийсэн ярилцлагыг уншигч танд хүргэж байна. Тэрбээр Хууль зүйн магистр, Хууль сахиулахын их сургуулийн докторант бөгөөд цаг наргүй их ажлын хажуугаар тасралтгүй сурч, мэргэшиж яваа оюунлаг нэгэн ажээ.

Төрөлх нутагтаа удирдах албан тушаалд томилогдон ирсэн танд юуны өмнө баяр хүргэе. Таны ажлын туршлагын талаар яриагаа эхлүүлье?
-Баярлалаа. Би 1996 онд Хэнтий аймгийн Цагдаагийн газарт мөрдөн байцаагчаар томилогдон, ажлаа гараагаа эхлүүлж байлаа. 2001-2006 онд Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, 2006-2010 онд Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн хэлтэст ахлах мөрдөн байцаагч, 2010 оноос Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ажиллаж байсан. 2013 оноос Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллалаа. Сүүлийн 7 жилд тасралтгүй хар тамхитай тэмцэх ажлыг хариуцан ахлах мөрдөн байцаагч, тасгийн даргаар ажиллаж байгаад нутагтаа Цагдаагийн газрын даргаар томилогдоод байна.

-Та салбартаа туршлага хуримтлуулж, нэлээд чухал албан тушаалуудыг хашиж байгаад ирлээ. Таны анх ажиллаж байсан үе, одоо удирдлагаар томилогдоод ирэх үетэй харьцуулбал хэр өөрчлөгдсөн байна?
-Би анх мөрдөн байцаагчаар томилогдоод ирж байхдаа 69 хэргийг гар дээрээ аваад шалгаж байлаа. Тэр үед жилдээ Хэнтий аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 1500-2000 орчим хэрэг бүртгэгдэж, шалгадаг байсан. Одоо бол 400-500 хэрэг гардаг болж, гэмт хэргийн тоон үзүүлэлт 3 дахин буурчээ. Мөрдөн байцаагч нарын гар дээрх ачаалал багасч 2-3 хэрэг дээр ажиллаж байна. Ажлын ачаалал харьцангуй бага байгаа өнөө үед гэмт хэргийн улмаас иргэд хохирч болохгүй, хохирсон иргэний эрхийг сэргээх, ямарваа нэгэн гэмт хэрэг гарахад түргэн шуурхай илрүүлэх, алдагдсан эд зүйлийг олж барагдуулах ёстой гэсэн бодлогыг би барьж ажиллана. Бензин тос, машин тэрэг, хэрэг илрүүлэх нөхцөл бололцоо, удирдлагаар хангаж өгье, та нар сэтгэлээсээ ажиллах хэрэгтэй, хэргээ илрүүлэхгүй бол битгий буцаж ирээрэй гэсэн шаардлага тавьж ажиллаж байгаа.

- Хэнтий аймаг бусад аймгуудтай харьцуулахад хэрэг илрүүлэлтийн байдлаараа ямар түвшинд байдаг бол?
-Хэрэг илрүүлэлтийн түвшин, ажлын явцаараа жигдэрсэн хамт олон. Хагас жилээр хэргийн илрүүлэлт 64 хувьтай гарч байна. Түрүү сард 73 хувьтай байсан. Сар сард үзүүлэлт өөр өөр байдаг онцлогтой. Харьцангуй боломжийн байгаа. Хэрэг илрүүлэлтийн түвшинг бууруулахгүй, ахиулахын төлөө ажиллана. Аливаа гэмт хэргээс хохирсон иргэний хохирлыг барагдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээх ажлыг зохион байгуулахгүй бол иргэд цагдаад гомдоод үлддэг. Хоёр тал хоёулаа цагдаад баярлаад үлдэх нь ховор шүү дээ. Тайван амгалан амьдарч, гудамжиндаа, эсвэл хэн нэгнээс айж эмээхгүй, хулгайд юмаа алдаад байхааргүй тийм л нөхцлийг бүрдүүлэх шаардлага тавьж байгаа. Хэрлэн сумын 2 дугаар багийн нутагт бусдын гэрээс Бурханыг нь дээрэмдсэн хэрэг, Баянхутаг сумын нутагт үйлдэгдсэн иргэн “Т” нь гадны нөлөөтэй нас барсан хэрэг, Чингис хотын иргэдийн орон байранд хууль бусаар нэвтэрж олон удаагийн үйлдлээр хулгай хийсэн Сүхбаатар аймгийн харъяат “Б”-ийн хэрэг, Биндэр сумын нутгаас иргэдийн хонгор азаргатай 14 тооны адууг “Б”, “Ө”, “Ө” нар нь бүлэглэн хулгайлж Төв, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумдад зарж борлуулсан, Цэнхэрмандал суманд гарсан мөнгөн тоногтой эмээлийн хулгай зэрэг ээдрээ төвөгтэй, олон удаагийн үйлдэлтэй, бүлэг этгээдүүдийг манай залуус сайн ажиллаж илрүүлсэн.  
 
-Гэмт хэргийн илрүүлэлтэд орчин үеийн дэвшилтэт технологийн нэг болох камерийг ашиглах нь харьцангуй нэмэгдэж байна. Манай аймгийн хувьд энэ талаар судалгаа хийгдсэн болов уу?
- Аймгийн хэмжээнд 40 гаруй камер байдаг. Дахиад 60 гаруй камер тавих цэгийн судалгаа хийсэн байна. Камержуулах ажил Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан, энэ ажлыг ажил хэрэг болгохыг зорьж байна. Гадаадын өндөр хөгжилтэй орнуудын гэмт хэргийг илрүүлэхэд хамгийн чухал зүйл нь камер байдаг. Манай Чингис хотын хувьд хувийн хэвшлийн байгууллагууд өөрсдөө бүрэн камертай байгаад 60 гаруй камерийг нэмээд суурилуулбал гэмт хэргийн илрүүлэлтэд техникийн дэвшил их чухал юм.

- Энэ сарын 1-ээс олон хуулиуд шинэчлэгдэн мөрдөгдөж байгаа. Цагдаагийн байгууллага хуулиудыг хэрэгжүүлэх, ард иргэддээ таниулж, сурталчлах тал дээр ямар ажил зохион байгуулах вэ?
-Улсын хэмжээнд 5 хоногийн нэгдсэн сургалт болсон. Цагдаагийн газрын хэмжээнд хэрэглэх эрх зүйн сургалтууд шат дараатайгаар явагдаж байна. ХЗДХЯ, ЦЕГ-аас байнга зааварчилгаа, зөвлөмжүүд ирж байгааг алба хаагчдад танилцуулж байгаа. Иргэдэд таниулах, хууль сурталчлах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөсөн.

-Таны цаашид баримталж ажиллах бодлого?
-Цагдаагийн үе үеийн дарга нарын барьдаг бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Ард түмнийг амар тайван орчинд хэн нэгнээс айж эмээхгүйгээр, хэн нэгний гэмт халдлагад өртөхгүйгээр амьдрах сайхан нийгмийн төлөө цагдаагийн байгууллагын хамт олон хичээн зүтгэж яваа. Түүнийг хангахын тулд цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллана.
Д.Одонтунгалаг
 
 
Холбоотой мэдээ