Сургууль, цэцэрлэгийн засвар, өргөтгөлийг ирэх сарын 15-ны дотор дуусгахыг үүрэг болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2017-07-17 14:29:41
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Улаанбаатар хотод гарсан гэмт хэрэг зөрчил болон аюулт үзэгдэл, ослын талаар хэлэлцлээ.

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд цагдаагийн байгууллагад  гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 26 мянга 580 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 3300  буюу 14.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна хэмээн Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд танилцууллаа.

Тэрбээр, "Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн 2 дахь санал хураалт, Үндэсний их баяр наадмын үед иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн энэ сарын 6-14-ны хооронд Өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэглэлд ажилласан” хэмээв.
 
НОБГ-ын дарга, хурандаа Н.Уламбаяр “Өнгөрсөн өдрүүдэд Улаанбаатар хот орчмоор өдөртөө 37 хэм хүртэл халж хуурайшилтын эрсдлийн “нэн аюултай” зэрэгт хүрсэн. Ойрын өдрүүдэд Улаанбаатар хот орчмоор халалт бага зэрэг буурч өдөртөө 30-31 хэм байна. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сарын 17-18-ны өдрүүдэд Улаанбаатар хот орчмоор түр зуурын бороо орох төлөвтэй байна. Баяр наадмын н өдрүүдэд иргэдийг гол усанд осолдохоос урьдчилан сэргийлж 156 албан хаагч, 58 нэгж техник хэрэгсэл, хөдөлгүүрт завьтайгаар Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл хийсэн” гэлээ.

Наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх, Хүй долоон худагт үйлчилгээ эрхэлсэн аж ахуйн нэгжүүдээс мэргэжлийн хяналтын улсын байцаагчид 210 ширхэг өндөг, 243 кг муудсан мах хураан авч устгасан байна.

Зөвлөгөөний төгсгөлд НЗД С.Батболд хуурайшилтын эрсдлийн “нэн аюултай” зэрэглэлийг буурах хүртэл  нийслэлийн ногоон бүсэд амарч, зугаалахыг түр хугацаагаар хориглох захирамжийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болголоо. Мөн улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгын ажлын засвар, өргөтгөлийн ажлуудыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахыг  дүүргийн Засаг дарга нар болон холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ