Дөрвөн хэсэгт ой хээрийн түймрээс сэргийлэх эргүүл гаргана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-07-17 00:38:32
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Дархан-Уул аймгийн Онцгой комисс хөрш зэргэлдээ Сэлэнгэ айгийн нутагт ой хээрийн түймэр гарсантай холбогдуулж хуралдав. Хуралд аймгийн ОБГ-ааас мэдээлэл хийж Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймрийн голомтгүй байна.
Харин Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр суманд гарсан ойн түймрийн 9 голомтод аймгийн Онцгой Байдлын газраас 30 алба хаагч, хоёр автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа. Хурлаар аймгийн ОБГ, УЦУОШТ болон БОАЖГ-аас ойн хээрийн түймэртэй холбоотой мэдээлэл хийв. Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газарт үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулах пуужин нийтдээ 43 байснаас өнгөрсөн тавдугаар сараас эхэлж нийт 37-н пуужинг харваж бороо оруулжээ. Хамгийн сүүлд энэ сарын 15-нд Номгон орчим Цахир уулнаас хоёр удаа пуужин харваж зориудаар бороо оруулсан бол одоо зургаан пуужинтай үлджээ. Комиссын хурлаар морин эргүүлийг ажиллуулах дөрвөн постыг ажиллуулж хяналт хийхээр аймгийн Засаг даргын захирамж гаргаж шаардлагатай төсвийг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргахаар боллоо. Эдгээр дөрвөн хэсэг постыг Байгаль, Орчин аялал жуулчлалын газар, Онцгой Байдлын газар, Мэргэжлийн Хяналтын газар, Цагдаагийн газар хамтарч ажиллуулна. Тус ажлыг явуулснаар ойн хээрийн түймрээс урьдчилан сэргийлж гарч болзошгүй эрсдэлийг бууруулах ач холбогдолтой гэж аймгийн ОБГ-ын дарга Б.Батбаяр ярилаа.
Эргүүлийн эхний хэсгийг Хонгор сумын нутаг Мухрын гол, Могойн гол, Хар бэлчир, Сувагтай, Хавцал, Зулзага, Зурамтай. Хоёрдугаар постыг мөн сумын Хүйтний гол, Мойл уул, Бичигт хад, Цэхрийн ам, Эрлийн ам, Хонгорын нуруу, Гурван булаг, Зэдгийн булаг. Гуравдугаар постыг Хавчуу булагтын эх, Зоргойн хавчуу, Бугатын даваа, Булагтай, Шивэрт, Шаазгайт, Дунжийн өндөр, Хавтгай, Хуурай зэрэг газрыг. Дөрөвдүгээр пост нь Дээд хүйтний гарам, Хүйтний даваа, Могойн зоо, Өгөөмөр, Их ноён, бага ноён, Хар модот зэрэг газруудаар эргүүл хийж ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх аж.
 
                                                                                                                                                          Б.Норовсамбуу
Холбоотой мэдээ