МАХН иргэдийг хоёр дахь шатны санал хураалтад идэвхтэй оролцохыг уриалав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтад иргэдийг идэвхтэй оролцохыг МАХН-аас уриалав.
Энэ талаар МАХН-наас Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшигч асан С.Ганбаатар, Сонгуулийн штабын дарга Ц.Оюунбаатар нар мэдээлэл хийлээ.
МАХН-ын Сонгуулийн штабын дарга Ц.Оюунбаатар, “Манай нам иргэдийг санал хураалтад идэвхтэй оролцохыг уриалж байгаа. Гэхдээ иргэд заавал санал өгөх шаардлагагүй. Сонгуулийн тухай хуулийн 97.9 болон 99.2 дахь хэсэгт иргэд ирцээ бүртгүүлээд, саналын хуудсыг бөглөхгүйгээр тооллогын төхөөрөмжид хийж болно гэж заасан. Үүнийг бид “Цагаан сонголт” хэмээн нэрлэж байгаа. “Цагаан сонголт” хийхийг уриалсан манай намын зарим гишүүдийг баривчилсан, олон цагийн турш байцаасан хэрэг Хэнтий, Өвөрхангай аймаг болон Хан-Уул дүүргийн зарим хэсгийн хороодод гарсан. Тиймээс СЕХ болон бусад байгууллагыг энэ мэт хууль бус үйлдлээ зогсоохыг шаардаж байна” хэмээв.
Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшигч асан С.Ганбаатар, “Намайг Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшихэд нөгөө хоёр намаас элдэв эвлүүлсэн билчэг дэлгэж, гүтгэж байсан. Тэр бүү хэл манай гэр лүү тэсрэх бөмбөг, сум хүртэл явуулсныг бид нийтэд мэдээлэлгүй өнгөрөөсөн юм. Эхний санал хураалтын үед намайг хагас сая орчим хүн дэмжсэн. Энэ хүмүүсийн надад хүлээлгэсэн итгэл, саналыг МАН болон АН-аас нэр дэвшигч авч чадахгүй. Тэдний саналыг худалдаж авах оролдлого хийж байгаа бол монголчууд үр хүүхдүүдээ, ирээдүйгээ, хувь заяагаа хэдэн төгрөгөөр даатгахгүй тул наад бодлоосоо салах хэрэгтэй гэж хэлмээр байна” хэмээв.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр