Когалымавиа: Нисэх онгоцны осолд гадны нөлөө байсан

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2015-11-03 11:30:20

МОСКВА. /BBC/. Синайн хойгт сүйрч, 224 хүнийг амийг авч одсон нисэх онгоцны осолд гадны нөлөө байсан гэж ОХУ-ын агаарын тээврийн “Когалымавиа” компани мэдэгджээ.

“Уг ослын шалтгаанд хийх цорын ганц үндэслэлтэй тайлбар бол гадны нөлөө” гэж тус компанийн өндөр албан тушаалтан хэлэв.

Нисэх онгоцны хар хайрцгийн бичлэгийг шалгасан агаарын тээврийн мэргэжилтнүүдийн дүгнэлт хараахан гараагүй байна.

“Сүйрлийн шалтгааны тухай ярихад арай эрт байна. Баримт, нотолгоо ч алга байна” гэж ОХУ-ын Агаарын тээврийн агентлагийн тэргүүн Александр Нерадько ОХУ-ын телевизэд ярилцлага өгөхдөө дурджээ.

Нисэх онгоцны сүйрлийн шалтгааны тухай ярихад арай эрт байна гэж Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах эл-Сиси мэдэгдээд, нисэх онгоцыг бид сөнөөсөн гэсэн “Лалын улс” бүлэглэлтэй холбоотой босогчид мэдэгдсэнийг “суртал ухуулга” гэж нэрлэсэн байна.

Мөн тэрбээр, энэ нь Египетийн аюулгүй болон тогтвортой байдал, тус улсын нэр хүндэд нөлөөлөх гэсэн оролдлого юм гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ