М.Энхболд: Энэ удаагийн санал хураалтаар талцал хуваагдлыг өндөрлөх хэрэгтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-07-07 12:00:40
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр 11:40 минутад нийслэлийн 23 дугаар дунд сургуульд байрлах хэсгийн хороонд очиж саналаа өглөө.

Тэрбээр энэ үеэр нийт иргэд сонгогчиддоо хандаж, "Сонгогч олон түмэн та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье. Би иргэнийхээ хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн дахин санал хураалтад оролцож, саналаа өглөө. 



Энэ удаагийн сонгууль удаан хугацаанд үргэлжилсэн урт сонгууль болж байна. Энэхүү урт удаан хугацааны явцад иргэдээ талцуулж хуваах, хар бор сурталчилгаа болон хууль бус үйл ажиллагаа явуулах нь их байлаа. Энэ бүхний ард иргэдийн маань дунд талцал бий болж байгаад их харамсаж байна. Би эв нэгдлийг эрхэмлэдэг хүн. Эв нэгдлийг эрх мэдлээс илүүтэй эрхэмлэдэг хүн. Энэхүү санал хураалтаар талцал хуваагдлыг өндөрлөх хэрэгтэй.

Нөгөөтэйгүүр Үндсэн хуулинд заасаны дагуу иргэн хүн сонгох эрхээ эдлэх ёстой. Зарим улс төрийн хүчнүүдийн зүгээс иргэдийн сонгох эрхэд халдах оролдлого хийж байна. Тиймээс иргэд хуулиар олгогдсон эрхээ өөрийнхөө хүсч байгаагаар, бодож сэтгэж байгаагаар эдлэх нь зүйтэй юм. 

Мөнхүү санал хураалтын ирц бүрдэж, өнөөдөр сонгууль өндөрлөөсэй хэмээн хүсч байна. Монголчууд наадмын маргааш намар гэж ярьдаг. Зун эхэлсэн сонгууль намар хүрч сунжрах нь зохимжгүй. Тиймээс наадмын наана сонгуулиа сайхан өндөрлүүлэхийн тулд сонгогч олон түмэн маань өнөөдөр сонгуульдаа идэвхтэй оролцоорой хэмээн уриалж байна.



Ингээд сайхан наадам болохын ерөөлийг дэвшүүлье. Монгол түмний маань морь нь хурдан, бөхчүүд нь бяртай, харвасан сум нь ончтой байхын ерөөл дэвшүүлж, дэлгэр сайхан наадахыг ерөөж байна" гэлээ.

Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ