Ж.Эрдэнэбат: МАН дотор зөрчилдөөн үүсээгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-ын удирдлагууд энэ сарын 26-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс болж дотооддоо зөрчилдөөн үүссэн хэмээн олон нийтийн сүлжээнд бичиж буй. Энэ тал дээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүх нар өнөөдөр сэтгүүлчдэд дараах тайлбарыг өгсөн юм.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: -Улс төрийн хүчнүүд сонгуулийн үр дүнгээ дүгнээд хуралддаг. МАН-ын Удирдах зөвлөл УИХ дахь бүлэгтэй хамтарч хуралдсан. Хэвлэл мэдээллээр гарч байгаа юм шиг зөрчилдөөн болоогүй. Дотооддоо нам зөрчилдөж хагарч болно, үүнийг битгий дэврүүлж нам тэр чигээрээ хуваагдсан мэт бүү сенсацийг сошиалаар хийж буй нь харамсалтай.
-Засгийн газрын хувьцааны үнэ унаж байгаа талаар мэдээлж эхэллээ. Энэ хэр бодитой вэ?
-Засгийн газрын хувьцааны үнэ ханшийн хувьд тодорхой хэмжээнд өөрчлөлт орж байна. Зөвхөн Засгийн газрынх биш. Энэ бол олон түмэнд нээлттэй мэдээлэл. Хүн бүр цахим сайт, хэвлэл мэдээллээс энэ мэдээллийг харах боломжтой.
-Шадар сайд У.Хүрэлсүх: -Би Ерөнхий сайдын дор ажиллаж байгаа хүн. Засгийн газар танхимын зарчмаар ажилладаг. МАН-ын Удирдах зөвлөл УИХ дахь бүлэгтэйгээ хамтарч хуралдсан гэж Ерөнхий сайд сая хэллээ. Алдаж, онож байгаагаа тус хурлаар дүгнэсэн. Ерөнхий сайд бид хоёр хоорондоо хатуу үг шидэлцсэн асуудал байхгүй.
-Намын даргадаа хариуцлага тооцох асуудлыг Удирдах зөвлөлийн хурлаар ярьсан уу?
-Сонгууль дуусаагүй байгаа биз дээ. Сонгуулийн үр дүн гарах ёстой. Хоёр дахь шатны санал хураалт болох гэж байна.
-Эхний шатны санал хураалтаас ийм үр дүн хүлээж байсан уу?
-Ямар үр дүн гарахыг аль ч нам хэлж мэдэхгүй. Сонгууль бол ард түмний сонголт. Би Шадар сайдын хувиар хэлэхдээ, "Гал, ус, сонгууль гурвыг битгий ингэж янз янзаар ярьж бай" гэдэг юм.
Б.Туул