200 автомашины багтаамжтай зогсоол нээлтээ хийлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-06-29 14:27:19
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатарын талбайн урд өнөөдөр 200 автомашины багтаамжтай авто зогсоол нээлтээ хийлээ.

Авто зогсоолыг “Эсто” компани өөрийн хөрөнгөөр энэ сарын 05-25-ны хооронд барьсан бөгөөд хөлдөлтөөс хамгаалах 30 см, цементээр бэхжүүлсэн 20 см суурьтай, 7 см аспалтан хучилттай аж. Зогсоолын нийт өртөг 262 сая төгрөг бөгөөд “Эсто” компани гурван жилийн баталгаа өгч байгаа юм.
Улаанбаатар хотын автозамын түгжрэлийн 25 хувь нь зогсоолын хомсдлоос үүдэлтэй гэсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл, зогсоолгүйн улмаас автозамын нэгдүгээр эгнээнд машинаа байрлуулснаар түгжрэл үүсэх шалтгаан болж байгаа юм. Тиймээс Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас нийслэлд авто зогсоол байгуулах боломжтой газруудад судалгаа хийжээ. Судалгаагаар 70 байршилд авто зогсоол байгуулах боломжтой гэсэн дүгнэлт гарсэн. Үүнээс эхний таван байршилд зогсоол байгуулаад байгаагийн нэг нь энэ юм хэмээн Хотын дарга зогсоолын нээлтийн үеэр онцлов.

Тэрбээр, "Улаанбаатар хотод ирсэн жуулчдаас эхлээд хэн бүхэн нэн тэргүүнд Сүхбаатарын талбайг зорьдог. Гэвч талбайн ойр орчимд зогсоол байхгүйгээс Улаанбаатар хотыг зохион байгуулалтгүй, эмх цэгцгүй  мэт харагдуулдаг. Өнөөдөр энэ бүхэн өөрчлөгдөж байна" гэлээ.

Уг авто зогсоол төлбөртэй байх бөгөөд “Эсто” компани засвар, ашиглалтыг нь хариуцах юм. Одоогоор төлбөрийн хэмжээг тогтоогоогүй байгаа аж. НИТХ-ын хурлын тогтоолын дагуу зогсоолын төлбөрийн 40 хувь нь нийслэлийн төсөвт ордог бол 60 хувийг ашиглагч компани нь авдаг гэдгийг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хэлэв.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр
Холбоотой мэдээ