Буухиа автобусны системд 2017 онд шилжинэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2015-11-02 14:39:08

МАНИЛА. /Bloomberg/. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг багасгаж, агаарын бохирдлыг бууруулах зорилготой орчин үеийн автобусны систем 2017 оноос ажиллаж эхэлнэ гэж Азийн хөгжлийн банк мэдэгдэв.

Буухиа автобус дамжин өнгөрөх хэд хэдэн хонгил зам болон гүүр, замууд тавих зэрэг Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажилд Манилад төвтэй Азийн хөгжлийн банк ирэх 6-9 жилд 218 сая долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж тус банкны Зүүн Азийн газрын зам тээврийн мэргэжилтэн Ки-Жүн Ким мэдэгдэв. Автобусны  64.5 км урт хонгил зам барихад уг мөнгийг зарцуулах ажээ.

Метро маягаар үйл ажиллагаа явуулах буухиа автобуснууд тус тусын эгнээгээр зорчиж, автобусны шалтай тэнцүү тавцанд зогсолт хийнэ. Үүний зардлаас хамаарч Индонез, Энэтхэг, Колумб зэрэг хөгжиж буй оронд ашиглагдаж байгаа метронуудаас сонголтоо хийх юм.

Уг системийн нарийвчилсан зураг төсөл 2016 оны сүүлээр буюу төлөвлөсөн хугацаандаа гарна. Харин бүтээн байгуулалт 2017 оны хавар эхэлж, эхний хонгил мөн оны 10 дугаар сард бэлэн болно гэж Ким мэдэгджээ.

Хотын төв рүү нэвтрэх

Утаа тортогийн хэмжээ өндөр түвшинд байгаа Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, замын хөдөлгөөний түгжрэлийг багасгах гээд аль алинд нь энэ төсөл тустай юм. Улаанбаатар хотын агаарын бохирдлын 25 хувийг машины утаа болон машинаас үүдэлтэй тоос шороо бүрдүүлж байна гэж тэрбээр хэлэв.

Өвлийн цагт гэр хорооллын 180 мянга орчим айл гэрээ дулаан байлгахын тулд түүхий эсвэл хагас боловсруулсан нүүрс түлж, агаарын бохирдлыг улам бүр нэмэгдүүлж байна. Улаанбаатар хотын хойд хэсгээр хоногийн дундаж түвшин нь 2,5 мкм-ээс бага байх ёстой нарийн ширхэглэгт тоосонцрын хэмжээ 270-д хүрч байгааг агаарын бохирдлын хяналтын “agaar.mn” цахим хуудаст үзүүлжээ. Олон улсын стандартаар бол энэ үзүүлэлт эрүүл мэндэд маш хортой юм.

Буухиа автобусны систем нь тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдлыг 18 хувиар бууруулах бөгөөд бүтээн байгуулалтын зардал нэг км тутамд 1-5 сая доллар болно гэж Азийн хөгжлийн банк мэдэгдэв.

2006 онд Улаанбаатар хотын машины тоо 80 мянга байсан нь өнгөрсөн тавдугаар сард 480 мянга болжээ. Автобусны хонгил зам байгуулах маршрутын дагуу ажиллаж, амьдардаг жолооч нарын 10-20 хувь нь шинэ системийг дэмжиж байна. Энэ нь хотын автомашины тоонд багагүй өөрчлөлт оруулна гэдгийг банкны үзүүлэлтээр харуулжээ.

Хонгил зам байгуулах ажлыг эхлүүлэх 60 сая долларын зээлийг ирэх таван сард Азийн хөгжлийн банк олгох бөгөөд Монголын Засгийн газар 10 сая доллар гаргах ажээ. Нэмэлт 1,5 сая долларын санхүүжилтийг хорт хаягдлын стандартыг сайжруулах Дэлхийн байгаль орчны сан олгох ажээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ