С.Ганбаатар: Намайг яаж ч харлуулж, гүтгэсэн би бууж өгөхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-06-24 14:11:27
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын сурталчилгааны хаалтын ажиллагаа өчигдөр Улаанбаатар хотноо Эрх чөлөөний талбайд болов.

Нэр дэвшигч С.Ганбаатар хаалтын ажиллагаанд хэлсэн үгэндээ “Бид өнөөдөр Монголынхоо хөгжлийн төлөө, сэргэн мандалтын төлөө, тусгаар тогтнолоо баталгаажуулахын төлөө цуглаж байна. Монголын амьдрал гундуухан байгаа нь үнэн. Монголд хүн бүр сайхан амьдрах баялаг хангалттай байна. Харин МАНАН-гийн оройд байгаа хүмүүсийн шунал нь гүйцэхгүй байна. МАНАН-гийнхан айж байна. Миний өрсөлдөгчид намайг унагаах гэж янз бүрээр үзэж, элдэв арга хэрэглэж байна. Бүр сүүлдээ зохион байгуулалттай, тавилттай жүжиг бэлтгээд олон нийтийн тайзан дээр тоглуулж байна. Түүнийгээ мөн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацаж байна. 50 сая вон гэх асуудал, тийм зүйл байхгүй. Намайг яаж ч харлуулж, гүтгэлээ гэсэн би бууж өгөхгүй. МАНАН бүлэглэлтэй эцсээ хүртэл тэмцэнэ. Би Монголын ард түмэндээ МАНАН-г ялна гэж амласан. Ард түмэнтэйгээ хамт ялалт байгуулахын төлөө “Есөн хүсэл, есөн зорилт”-ыг дэвшүүлсэн. Амлалтаа биелүүлж, хэлсэндээ хүрэх баталгааг ард түмэндээ өгч, ард түмэнтэйгээ гэрээ байгуулсан. Зорьсноо биелүүлэхэд дөрвөн жил хангалттай. Иймд би дахин нэрээ  дэвшүүлэхгүй, Ерөнхийлөгч болоод ах дүү, хамаатан садандаа илүү эрх мэдэл өгөхгүй. Амласнаа хэрэгжүүлэхгүй аваас албан тушаалаа өгч өөрийн хүсэлтээр огцорно гэж гэрээндээ тусгасан. Ард түмэнтэйгээ хамт МАНАН-г ялъя. Би хэлсэндээ хүрнэ, бууж өгөхгүй” гэсэн юм. 

МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр мөн хаалтын ажиллагаанд үг хэлэв. Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тав дахь удаагийн энэ сонгуульд МАХН зөв хүнээ сонгож нэр дэвшүүлсэн. Ард түмний эрх ашгийг хамгаалж чадах, олон нийтийн хүсэл хүлээлтэд нийцсэн нэр дэвшигчийг хайж олж нэр дэвшүүлсэн. Бид Сайнхүүгийн Ганбаатарт итгэж байгаа. Сонгуулийн нээлтийн ажиллагаагаа жанжин Д.Сүхбаатарын талбайд хийсэн. Хаалтаа бид зориуд Ялалтын талбайд хийж байна. Бид сонгох эрхээ эдэлж чадвал С.Ганбаатар ялж чадна. Тэр ард түмэнтэйгээ байгуулсан гэрээгээ 100 хувь биелүүлнэ. С.Ганбаатарын нэрийг хасуулах гэж эрх баригчид увайгүй арга хэрэглэж байна. Энэ бол ард иргэдийн сонгох эрхэнд халдаж байгаа гэмт үйлдэл. Ийм үйлдлийн эсрэг бид тэмцэнэ. Бидний саналыг, Монголыг худалдаж авч чадахгүй” гэсэн юм.



Монгол Улсын гавьяат хуульч Ц.Шаравдорж “Монголчуудын хувьд, улс орны хувьд хариуцлагатай сонгууль тулж ирлээ. Улс орны бүрэн бүтэн, аюулгүй байдал, хойч үеийн амар тайван амьдрах нөхцлийг энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль шийднэ. Өдгөө С.Ганбаатарыг гаргахгүйн төлөө эрх баригчид улайрч байна. Хууль, шүүхийн ямар ч үндэслэлгүй байхад зохиомол, зохион байгуулалттай, урдаас бэлдсэн жүжгийг бий болгож, дээрээс үүрэг  даалгавар авсан хуулийн байгууллагынхан  хэрэг бүртгэл хийж  шүүхэд өгсөн. Өнөөдөр шударга ёс алга. С.Ганбаатарыг хууль зөрчсөн, бусдаад мөнгө авсан гэсэн хоёр зүйлээр эрх баригчид буруутгах гэж оролдож байна. Энэ бол нотлох баримтгүй, үндэслэлгүй асуудал. Тиймээс С.Ганбаатарын нэрийг татах хууль зүйн ямар ч үндэслэлгүй" гэсэн юм.

Нэр дэвшигч С.Ганбаатар орон нутаг дахь сонгуулийн сурталчилгааг Булган аймагт хийсэн уулзалтаараа хаасан байна.
Н.Гантуяа

 
Холбоотой мэдээ