Ч.Энхбат: Сонгуульдаа идэвхтэй оролцож саналаа өгөх нь иргэн бүрийн үүрэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-06-23 23:20:56
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Сонгуулийн Ерөнхий Хорооны шийдвэрээр  аймгийн Сонгуулийн хороо өнгөрсөн дөрөвдүгээр сарын хорьдоор байгуулагдаж, “Сонгуулийн тухай хууль”-д заасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг аймагтаа зохион байгуулах ажил үүргийг хуваарь төлөвлөгөөнийх нь дагуу гүйцэтгэж ирлээ. Бямба гарагт сурталчилгаа бүрэн зогсож ням гарагт зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажил хийгдэж даваа гарагт санал хураалт эхэлнэ.  Дархан-Уул аймагт сонгуулийн бэлтгэл ажил хэрхэн хангагдсан талаар аймгийн Сонгуулийн Хорооны дарга Ч.Энхбаттай ярилцлаа.
 
-Дархан-Уул аймагт санал хураах хэчнээн байр ажиллаж байна вэ? Ажиллаж байгаа хүн хүчний хувьд хэд вэ?
 
-Аймгийн хэмжээнд нийт 39-н хэсгийн хороо санал авах байр ажиллаж байна. Үүнээс Дархан суманд 31, Шарын гол, Хонгор суманд тус бүр гурав, Орхон суманд хоёр санал авах байр ажиллаж эдгээрт нийт 300 гаруй төрийн албан хаагч ажиллаж байгаа.
 
-Аймгийн хэмжээнд нийт хэчнээн сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн бэ?
 
-Улсын бүртгэлийн хэлтэсээс Сонгуулийн тухай хуульд зааснаар сонгууль болох өдрөөс 25 хоногийн өмнө манайд нэрийн жагсаалтыг ирүүлсэн. Уг нэрсийн жагсаалтаар Дархан-Уул аймагт 67017 сонгогч байгаа гэсэн тоо ирсэн. Мөн өнгөрсөн даваа гарагт аймгийн Сонгуулийн хорооноос ажлын хэсэг гарч Улаанбаатар хотод очиж Сонгуулийн Ерөнхий хорооноос санал тоолох машин, саналын хуудсаа хүлээж авч сумдын сонгуулийн хороо, санал хураах байранд цагдаа болон тагнуулын байгууллагын хяналтан дор лацдаж ломбодож хамгаалалтад авлаа. Нийт 66200 орчим саналын хуудас ирсэн.
 
-Энэ удаагийн сонгуульд намуудын ажиглагчид хэчнээн хүн байх вэ? Мөн ням гарагт авах урьдчилсан санал хураалтад хэчнээн сонгогч зөөврийн хайрцагаар саналаа өгөх вэ?
 
-Аймгийн хэмжээнд нийтдээ гурван нэр дэвшигчийн 370 ажиглагч ажиллахаар бүртгэгдсэн. Мөн сонгуулийн санал хураах өдөр санал хураах байранд ирж саналаа өгөх боломжгүй эрүүл мэндийн шалтгаантай, босч явж чаддаггүй, бусдын асрамжид байдаг сонгогчдоос ням гарагт урьдчилсан санал хураах зөөврийн хайрцагаар саналыг нь авна. Үүнд нийт 523 сонгогчийн хүсэлт ирсэнийг манайх 39 хайрцагаар авахаар байршил чиглэлийг нь тогтоогоод зохион байгуулах бэлтгэл ажлаа хангаад ажиллаж байна.
 
-Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш нэр дэвшигчид болон тэдгээрийн сонгуулийн штаб, намуудаас нь ямар нэгэн гомдол санал танай Сонгуулийн хороонд ирсэн үү?
 
-Аймгийн Сонгуулийн хороо байгуулагдаж ажилласан цагаас хойшх бүх хугацаанд болон гурван нэр дэвшигчийн сурталчилгаа эхэлснээс хойш намууд болон гурван нэр дэшигч түүний сонгуулийн штабуудаас нь манай сонгуулийн хороонд ямар нэгэн гомдол санал ирээгүй байна.
 
-Сонгуулийн хороо болон санал авах байруудад ажиллах төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл боломж зөөврөөр санал авах ажлын бэлтгэл хэр зэрэг хангагдсан бэ?
 
-Аймгийн хэмжээнд нийт сумдын сонгуулийн хороо, санал авах байранд нийлээд 400-гаад төрийн албан хаагч ажиллаж байна. Эдгээрийн унаа тэргэний асуудлыг Сонгуулийн Ерөнхий хорооноос батлаж ирүүлсэн төсөв бий. Тэдгээрээс бид санал авах байранд ажиллаж байгаа зохион байгуулагчид санал тоолох төхөөрөмжид ажиллаж байгаа болон аймаг сумын сонгуулийн хороонд ажиллаж байгаа гишүүд зэрэг хүмүүст тодорхой хуваарийн дагуу шатахууны толаныг хуваарилах зарчмаар олгон ажиллаж байна.
 
-Санал хураах өдөр аймгийн Сонгуулийн хороо яаж ажиллах вэ? Санал авах байруудаар явах уу? Төв байрандаа байнга сууж ажиллах уу?
 
-Аймгийн Сонгуулийн хороо санал авах өдөр төв байрандаа бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллана. Хуваарийн дагуу мөн өдрийн 12, 17, 22 цагийн байдлаар аймгийн хэмжээнд нийт санал хураалтын ирц дүнг сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ. Мөн өдөр аль нэг сонгуулийн хэсгийн хороо, санал авах байр, сонгууль зохион байгуулахтай холбоотой ямар нэгэн асуудал гарвал шуурхай шийдвэрлэж ажиллахаар бэлтгэл ажлаа хангаад ажиллаж байна. Нийт сонгогчиддоо хандаж хэлэхэд үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж сонгуульдаа идэвхтэй оролцож саналаа өгөхийг уриалж байна.
                                                                                                                                                    Б.Норовсамбуу
Холбоотой мэдээ