"Airbus A321” нисэх онгоцонд агаарт эвдрэл гарсан гэв

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.mn
2015-11-02 09:55:25

КАИР. /TASS/. Өнгөрөгч бямба гарагт Синайн хойгт сүйрсэн “Airbus A321” нисэх онгоцонд агаарт эвдрэл гарсан гэж ОХУ-ын Улс хоорондын агаарын тээврийн хорооны гүйцэтгэх захирал Виктор Сороченко сүйрлийн газарт үзлэг хийснийхээ дараа мэдэгдэв.

“Ослын шалтгааны тухай ярихад арай эрт байна. Нисэх онгоцонд агаарт эвдрэл гарсан бөгөөд онгоцны хэсгүүд 20 хавтгай дөрвөлжин км талбайд цацагдсан байна” гэж тэрбээр мэдэгджээ.

ОХУ-ын “Когалымавиа” агаарын тээврийн компанийн Санкт-Петербург чиглэлийн “Airbus A321” нисэх онгоц бямба гарагт Египетийн Шарм-эль-Шейх амралт сувиллын газраас хөөрснийсөө хойш 30 орчим минутын дараа Хойд Синайн засаг захиргааны төв Аль-Эриш хотоос урагш 100 км зайд унасан байна. Уг нисэх онгоцонд 217 зорчигч, нислэгийн багийн долоон гишүүн байсан бөгөөд бүгд амиа алджээ.

ОХУ-ын түүхэнд болж байгаагүй осол гарсны учир тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдрийг гашуудлын өдрөөр зарласан билээ. Санкт-Петербург хотын иргэд энэ сарын 3 хүртэл гашуудах ажээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ