Онцгой байдлын газрынхан он гарсаар 90 гаруй хүний амийг аварчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-06-20 14:37:32

Өмнөговь /МОНЦАМЭ/ Монгол Улсад Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага үүсч нэгдсэн тогтолцоонд шилжсэний 13 жилийн ойг Өмнөд бүсийн төв, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид тэмдэглэн өнгөрүүлж байна. Тус аймгийн Онцгой байдлын газар нь 2017 оны хагас жилийн байдлаар 32 удаагийн гамшиг осол, 17 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэж 93 хүний амь нас аварчээ.
Мөн ард иргэдийн 176,000,000 төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан амжилтаар түүхт 13 жилийн ойгоо угтаж байна.

Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 21-р ангийг үүсгэн байгуулсны түүхт 40 жилийн ойд зориулсан “Говийн онцгойхон” нэртэй сүлд дуугаа өлгийдөн авлаа. Энэхүү дууны үгийг Цогтцэций суман дахь Гал түймэр унтраах 44 дүгээр ангийн захирагч, ахлах дэслэгч М.Төгөлдөр, аяыг Цэргийн дуу бүжгийн чуулгын хөгжмийн зохиолч н.Эрдэнэцогт бичиж, дууг аймгийн ХЖТ-ын дуучин н.Энхцэцэг дуулж олны сонорт хүргэлээ. 

Мөн энэ үеэр Өмнөд бүсийн төв, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид цол нэмж ард түмний аюулгүй байдлын төлөө цаг наргүй зүтгэж байдаг хөдөлмөр зүтгэлээ төр засагтаа үнэлүүлсэн байна.

Д.Мишигсүрэн


Холбоотой мэдээ