Саажилттай хүүхдүүд үзэсгэлэн гаргасан нь олны анхаарлыг татлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2015-10-31 17:23:20

“Өгөх нь авахаасаа илүү” уриатай “Үндэсний өгөх өдөр” жил бүрийн 11 дүгээр сарын 1-нд буюу маргааш тохиож байгаа бөгөөд энэ өдөрт зориулсан “Энэ бол би” үзэсгэлэн Занабазарын музейд нээлтээ хийсэн нь олны анхаарлыг татаж байна.

Үзэсгэлэнд С.Намуунцэцэг, Ч.Энхсайхан, А.Хүдэрбат, А.Дөлгөөн, Б.Мөнхтулга нарын саажилттай хүүхдүүд өөрсдийн цуглуулсан зүйлсээрээ оролцож байгаа юм. Мөн УИХ-ын гишүүн С.Одонтуяа орон, орны хүүхэлдэйн цуглуулгаа дэлгэжээ.

Саажилтын улмаас гараараа зурах боломжгүй зөвхөн амаараа, хөлөөрөө зурсан уран зургууд, олон жил хичээж цуглуулсан машины болон түлхүүрийн оосрын цуглуулга үзэсгэлэнд тавигджээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Манай саажилттай хүүхдүүд үзэсгэлэнгээ гаргаж байна. Эдгээр хүүхдүүд надад хүсэлт тавьсны дагуу хамтдаа үзэсгэлэнгээ гаргалаа. Энэ бол миний хоёр дахь удаагийн үзэсгэлэн. 2007 онд анхны үзэсгэлэнгээ гаргаад хандив цуглуулаад тархины саажилттай хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл авч өгч байсан. Энэ удаад хандив цуглуулж тоног төхөөрөмж авч өгөх зорилго тавьсан. Оюутан байхаасаа эхэлж цуглуулсан 400 гаруй хүүхэлдэйн цуглуулгатай. Монголд хүүхдэд үзүүлэх юм их ховор байдгийг мэдэрлээ. Хүүхдүүд эцэг, эхтэйгээ ирж их сонирхож байна” гэв.

Хүүхдүүд өөрсдийнхөө цуглуулгыг хүмүүст үзүүлж байгаад хандив цуглуулъя гэдэг санааг гаргажээ. Тус үзэсгэлэн Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд ирэх сарын 9-нийг хүртэл үзэгч олны хүртээл болох юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ