Баян-Өлгийн Нэгдсэн эмнэлгийн Цусны тасаг нөөцийн хэмжээгээр улсад тавдугаарт ордог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-06-15 13:41:09
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Өчигдөр "Дэлхийн цусны доноруудын өдөр"-ийг тохиолдуулан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, «Дэлхийн зөн» ОУБ, аймгийн Улаан загалмайн хороо хамтран «Та бусдын төлөө юу хийж чадах вэ? Өнөөдрөөс эхлэн тогтмол хугацаанд цусаа бэлэглэцгээе» сэдэвт доноруудыг урамшуулах арга хэмжээ зохион байгууллаа.

Энэ талаар аймгийн Улаан загалмайн хорооноос мэдээллээ. Уг арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан оролцож доноруудад баяр хүргэжээ. Энэ үеэр олон удаа цусаа хандивлан хүмүүст амьдрал бэлэглэсэн иргэн Х.Досжан, Х.Табарак нарыг "Хүндэт донор", Нэгдсэн эмнэлгийн Цусны тасгийн эрхлэгч А.Ардахыг Улаан загалмайн хорооны "Тэргүүний ажилтан" цол тэмдгээр тус тус шагнаж, идэвхтэй ажилладаг доноруудад гарын бэлэг гардуулсан байна.

Тус аймагт 600 орчим цусны донор бүртгэлтэй бөгөөд тэдний зөвхөн 75 нь цусаа тогтмол хандивладаг аж. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн Цусны тасаг нь цусны нөөцийн хэмжээгээр улсад 5 дугаар байрт ордог байна.

Аймгийн Улаан загалмайн хороо цаашид цусны доноруудын тоог нэмэгдүүлж, нөөц бүрдүүлэх асуудлыг үйл ажиллагааныхаа тэргүүлэх чиглэл болгон ажиллаж байгаа ажээ. 
Ө.Нурболат
Холбоотой мэдээ