“Соёл-эдийн засгийн өдөр” өдөрлөгийн хаалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-10-30 14:55:16

Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотын ард иргэдэд тухайн сумын бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах, худалдан борлуулж шинэ зах зээл олох боломжийг нээх, жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжих үндсэн зорилгын дор зохион байгуулдаг сумдын “Соёл-эдийн засгийн өдөр” арга хэмжээний энэ жилийн хаалтын үйл ажиллагааг Хушаат, Сайхан сумдууд хийлээ.

Энэхүү арга хэмжээний хүрээнд тухайн сум өөрийн орон нутгаа, суманд үйлдвэрлэгддэг бүтээгдэхүүнээ, сумаас төрөн гарсан алдартан, авъяастнуудаа аймгийн төв Сүхбаатарчууддаа болон улс орон даяар сурталчлан таниулж, бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулж, шинэ зах зээл олгон, эргэх холбоог бий болгож өгдөгөөрөө ая холбогдолтой юм.

Энэ үеэр аймгийн Засаг дарга С.Бүрэнбат хэлсэн үгэндээ:” Бид энэхүү соёл, эдийн засгийн арга хэмжээгээрээ аймгийнхаа сумдын хөдөлмөрч ард иргэдийн хийсэн бүтээснийг залуу үедээ таниулж, бахархан дурсах боломжийг олгож байгаа юм. Цаашид ч энэ боломжийг үлдсэн 6 сумандаа олгоно. Түүнчлэн энэ арга хэмжээг дараа дараагийн аймгийн удирдлагууд маань улам боловсронгуй болгож, уламжлуулан авч явах байх аа. Хэн нэгнээс дэмжлэг авахгүйгээр, өөрөө өөрийгөө болгоод, амьдрал ахуйгаа өөд татан авч яваа баялаг бүтээгч иргэдээ бид дэмжиж болох бүх л хэлбэрээр дэмжихийг зорьж байгаа. Дэмжих ч болно” хэмээн хэллээ. Энэ удаа Сайхан сумын төр төсвийн байгууллагууд, ялангуяа цэцэрлэгүүд ихээхэн ач холбогдол өгч, багш нарынхаа болон эцэг эхчүүдийнхээ хийсэн гар урлалын бүтээлүүд, хүнсний бүтээгдэхүүнээр оролцож байгаа нь шинэлэг байлаа.

Ер нь “Соёл, эдийн засгийн өдөр” арга хэмжээнд оролцож буй сумд бүхэн өөр өөрийн онцлогийг харуулсан бүтээгдэхүүнээ  сурталчилж байгаа. Энэ удаа Сайханчууд өөрсдийн гараар бий болгосон бэлэн хувцас, бараа бүтээгдэхүүнээр голчлон оролцож байгаа бол Хушаатчууд малын ашиг шимээр бий болсон цагаан идээ, цэвэр хөрсөндөө ургуулсан элит төмс, хүнсний ногоогоороо оролцлоо. Мөн энэ өдөрлөгийн үеэр Сайхан, Хушаат сумдын авьяаслаг ард иргэдийн маань нэгдсэн концерт тоглосон нь Сүхбаатарчуудын талархлыг ихэд хүлээсэн. “Соёл, эдийн засгийн өдөр” арга хэмжээний энэ жилийн хаалтыг хийж буй хоёр сум маань Сүхбаатар хотын иргэдэд өгөөж баян намрын үдшийн цэнгүүн тольдсоноор энэхүү арга хэмжээ өндөрлөлөө.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ