“Цэвэр орчин-Цэмцгэр Булган” аяныг үргэлжлүүлэхээр боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-06-13 08:20:36
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ хавар зарласан “Цэвэр орчин-Цэмцгэр Булган” аяныг үргэлжлүүлэн 11 дүгээр сар хүртэл зохион байгуулах боллоо. Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, хог хаягдлын менежментийг сайжруулан санхүүжилт урамшууллын системийг хэрэгжүүлж, хэвшүүлэх ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулж, аймгийн баяр наадмын өмнө хоггүй цэвэр сайхан орчныг бүрдүүлэхэд чиглэж байна.
“Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилъя” уриан дор ойлголт, мэдлэг эзэмшүүлэх хэвшүүлэх ажлыг зохион байгуулах, ил задгай тогтмол үүсдэг хогийн цэгийг арилгах, хогийн төлбөр төлдөггүй аж ахуйн нэгж, өрхөд арга хэмжээ авч, аймгийн төв гудамжийг цэвэр байлгах, гэр хорооллын гудамж, гуу жалгыг иргэдийн бүлэг байгуулж, тогтмол цэвэрлэгээтэй болгохоор төлөвлөөд байгаа талаар аймгийн ЗДТГ-ын хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсээс мэдээллээ.
Хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаар эсээ бичлэг, гар зураг, фото зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэн зохион байгуулж, шилдэг бүтээлийг шалгаруулах 1,3 сая төгрөгийн шагналын сантай уралдаан зарлаад байна.
М.Батжаргал
Холбоотой мэдээ