Үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-06-12 15:34:00
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Энэ жилийн зун өмнөх онуудтай харьцуулахад харьцангуй халуун, гандуу эхэлж байгаатай холбогдуулан 6 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд баруун хойно нутгаас үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулахаар төлөвлөж байгаа талаар аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын экспедиц хариуцсан ахлах мэргэжилтэн Танейн Серикжан мэдээллээ.

Тус экспедиц нь өнгөрсөн тавдугаар сард Алтанцөгц, Бугат, Дэлүүн, Ногооннуур, Улаанхус сумын нутгуудад 4 цэгээс 3 удаа 11 пуужин /33 гр реагент/ харваж, бороо оруулсан байна. Мөн 6 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд Толбо, Улаанхус сумын нутгуудаас үүлэнд нөлөөлж аймгийн бүх нутгуудад хур тунадас оруулжээ.  

Ийнхүү гандуу үед технологийн дэвшлийг ашиглаж хур тунадасны хэмжээг нэмэгдүүлснээр хөрсний угтвар чийг, бэлчээрийн болон таримал  ургамлын  ургацыг нэмэгдүүлэх боломжтой болсон бол ирэх долдугаар сард нутгийн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим бороо орно гэж цаг уурчид үзэж байна.

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа нь нүүрс хүчлийн хий болон иодот мөнгөний реагентийг үүлэнд цацаж үйлчилснээр, тухайн үүлэнд тархсан реагентийн тоосонцрууд нь орчиндоо байгаа усан дуслуудыг өөртөө нэгтгэн томруулж бороо болгон газарт унах процесс бөгөөд тус аймагт 2009 оноос хэрэглээнд нэвтрүүлсэн юм. 

Ө.Нурболат 
Холбоотой мэдээ