Хэлний бодлогын салбар зөвлөлийн ажиллах журмыг баталжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-06-12 12:44:58
Дундговь/МОНЦАМЭ/ Өнгөрсөн долоо хоногт аймгийн ИТХ- ын тэргүүлэгчдийн тогтоолоор Хэлний бодлогын салбар зөвлөлийг шинэчлэн байгуулсан. Салбар зөвлөлийн ажиллах журмыг мөн батлан гаргасан байна.
Тус зөвлөл орон тооны бус, Монгол хэлний тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж болон хэлний бодлогын Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны дүрэмд заасан бүрэн эрхийг орон нутагтаа хэрэгжүүлж ажиллах салбар нэгж байх юм.
Ингэхдээ ямар эрх, үүрэгтэй ажиллах вэ гэдгийг энэ журамд тодорхойлж өгсөн байна. Тухайлбал, орон нутагтаа Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг хангахад уялдсан үйл ажиллагаа зохион байгуулах, албан байгууллага, гудамж талбайн нэр хаягийг кирил, монгол бичгээр хослуулан бичиж байршуулах ажлыг зохион байгуулах, газар нутгийн оноосон нэр, болон монгол угсаатны аман аялгуу, үндэсний цөөнхийн хэлийг судлах, үндэсний бичгээ сурах, хамгаалах, өвлүүлэх, хэрэглэх талаар санаачлагатай ажиллаж, энэ талаар идэвхи гаргасан иргэдээ урамшуулах, төрийн албанд анх орж байгаа иргэдээс монгол хэл бичгийн шалгалтыг эрх бүхий байгууллагаас баталсан агуулгын дагуу  авах, сургалтууд явуулах зэргээр арав гаруй үүргийг хүлээж ажиллахаар болжээ.
Салбар зөвлөлийг аймгийн Засаг дарга ахлах бөгөөд улирал тутамд хуралдана. Салбар зөвлөл 13 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд гишүүдийн хүлээх эрх, үүргийг мөн журамт тусгасан байна.
 
Т. Отгонтуяа  
Холбоотой мэдээ