БНХАУ дэлхийн хоёр дахь том хөрөнгө оруулагч болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-06-08 22:29:08
Бээжин /МОНЦАМЭ/. НҮБ-ын Худалдаа, хөгжлийн хурлаар  “2017 оны дэлхийн хөрөнгө оруулалтын тайлан мэдээ”-г танилцуулсан. Уг мэдээнд дурдсанаар  БНХАУ-ын 2016 онд гадаад улсад хийсэн хөрөнгө оруулалт 44 хувиар өсч, 183 тэрбум ам.долларт хүрчээ. Ингэснээр БНХАУ анх удаа дэлхийн хоёр дахь том хөрөнгө оруулагч улс болоод байна.

Дэлхийн эдийн засгийн өсөлт саарах, эдийн засгийн бодлого болон геополитикийн эрсдэл зэрэг шалтгааны улмаас 2016 онд дэлхийн хэмжээнд гадны шууд хөрөнгө оруулалт 2 хувиар буурсан ч, 2017 онд энэ байдал өөрчлөгдөж 5 хувь болж өснө хэмээн судлаачид үзэж байна.

2016 оны хувьд Азийн орнуудын авсан гадны хөрөнгө оруулалтын хэмжээ 15 хувиар буурч 443 тэрбум ам.долларт хүрсэн нь 2012 оноос хойш анх удаа буурсан үзүүлэлт юм. Гэвч БНХАУ-ын хувьд гадны хөрөнгө оруулалт тогтвортой байсан ба өмнөх оноос нэг хувиар буурч 134 тэрбум ам.доллар болсон байна. Энэ нь дэлхийн хэмжээнд 3-т орох үзүүлэлт юм.

Азийн бусад том хөрөнгө оруулагч орнуудын гадаад хөрөнгө оруулалт буурч буй энэ үед БНХАУ-ын гадаад хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа нь анхаарал татаж буй ч дэлхийн улс орнуудын гадаадын хөрөнгө оруулалтын өсөлтийн хязгаарлагдмал байдал, Хятад улсын үйлдвэрлэлийн зардлын өсөлтөөс шалтгаалан БНХАУ-д ойрын жилүүдэд гадны хөрөнгө оруулалтын өсөлт өндөр дүнтэй гарах боломжгүй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
         

  /Бээжин хот/ А.Анхбаяр
Холбоотой мэдээ