Монголын сэтгүүлчид Хятадын инновацийн хөгжилтэй танилцлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-06-07 20:12:57
Улаанбаатар /МОНЦАМЭ/ БНХАУ-ын дарга Ши Жиньпин манай улсад 2014 онд айлчлахдаа Монгол Улсын 250 сэтгүүлчийг 5 жилийн хугацаанд эх орондоо урьж айлчлуулахаар амласан билээ.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны урилгаар Монголын 50 сэтгүүлчийн анхны аялал 2015 онд Ялалтын баярын хүрээнд зохион байгуулагдаж, БНХАУ, хуучин ЗХУ-ын дайчдын дурсгалын цогцолбортой танилцан, Нанжинь хотын дайны түүхийг харуулсан музейтэй танилцжээ.

Дараагийн баг “Ногоон хөгжил” сэдвийн дор байгальд ээлтэй, ногоон хөгжлийн бодлогыг дэмжиж, бодит ажил болгож байгаа талаар мэдээ, сурвалжлага нийтэлсэн бол гуравдугаар баг энэ удаад 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 6-ны хооронд тус улсад зочлохдоо “БНХАУ-ын инновацийн хөгжилд анхаарлаа хандуулъя” сэдвийн хүрээнд сурвалжлага бэлтгэлээ. Монголын сэтгүүлчдийн баг Бээжин хот, Жэжян, Гуандун мужийн шинжлэх ухаан, технологийн хөгжил, ололт амжилттай танилцаж, инновацийг хөгжлийн хувьд ямар шинэ санаачилга гаргаж, үйлдвэрлэлд нэвтрүүлэн, техник технологийн дэвшлийг хэрхэн ашиглаж байгаатай танилцсан юм.

Айлчлалын эхний өдөр буюу 6 дугаар сарын 1-нд сэтгүүлчдийн баг БНХАУ-ын Шинжлэх ухаан технологийн яам, Бээжин хотын Шинжлэх ухаан технологийн хороогоор зочилсон юм. Тус яам нь шинжлэх ухаан, технологийн хөгжлийн талаар макро стратеги болон шинжлэх ухаан, технологийн эдийн засгийг дэмжих, нийгмийн хөгжлийн чиг бодлого, хууль тогтоомж судлан танилцуулдаг гол байгууллага юм. Шинжлэх ухаан технологийн яамаар зочлох үеэр БНХАУ-ын Инновацийн хорооны дарга Зан Шин тус улсаас инновацийн хөгжилд хэрхэн анхаарч байгаа талаар мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр ярихдаа, “Өнгөрсөн онд Хятадын инновацийн судалгааны санхүүжилт нэг их наяд 550 тэрбум юаньд хүрч, инновацид оруулсан хөрөнгө оруулалтын жагсаалтаараа дэлхийд дэд байранд орсон. Бид сансрын пуужин бүтээх, хиймэл дагуул нисгэх, газрын гүнийг судлах, далайн ёроолд шумбах шумбагч онгоц зэрэг технологийн шинэ ололт амжилтад суурилсан томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж чадсан. Мөн газар тариалан, аж ахуйд инновацийн хөгжил нэвтрүүлж, Бээжин, Шанхай зэрэг том хот болон бүх хятадад инновацийн 16 шинэ парк нээн ажиллуулсан. Шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжлийн бодлогод зарцуулж байгаа нийт зардлын 70 хувийг аж ахуй эрхлэгчдээс, 22 хувийг төрөөс, үлдсэн 8 хувийг бусад эх сурвалжаас санхүүжүүлэх маягаар зохицуулж байгаа. Төрөөс гарч байгаа зардлын ихэнх нь шинжлэх ухааны суурь судалгааны зардалд зориулагддаг. Манай улсын хувьд гадаад оронд мэргэжил эзэмшин, инновацийн хөгжилд өндөр амжилт гаргаж байгаа хятад улсын иргэн, залуу эрдэмтэн, судлаачийг эх орондоо ирж ажиллахыг уриалан, цалин болон ахуй амьдралын баталгаагаар ханган ажиллуулдаг. Цаашид инновацийн хөгжлийн чиглэлд өнгөрсөн онд баталсан 13 дугаар 5 жилийн төлөвлөгөөг батлан ажиллаж байна” хэмээлээ.

Үүний дараа монголын сэтгүүлчид Бээжин хотын Шинжлэх ухаан, технологийн хороогоор зочлон, тус хорооноос хэрэгжүүлж байгаа бодлого, төсөлтэй танилцав.



Тус хорооны дэд дарга Вэй Жиа Мин хэлэхдээ, -БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Нэг бүс-Нэг зам” бол бүтээн байгуулалт, инноваци шинэчлэлт, найрамдал, хамтаараа урагш хөгжих зам гэж тодорхойлсон байгаа. Энэ хүрээнд бид Монгол Улстай инновацийн хөгжлийн талаар хэрхэн  харилцан ажиллах талаар бодлого гарган ажиллаж байгаа. Бид Монгол Улсын зарим их сургууль, судалгааны байгууллагатай хамтран ажиллах туршлагатай. Үүнд үндэслээд гурван чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байна. Тухайлбал, шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаач солилцох, өндөр технологи бүхий үйлдвэрүүдэд мэргэжилтэн солилцох, Бээжингийн аж ахуйн нэгжүүд монголын аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах, хамтарсан лаборатори байгуулах замаар мэргэжилтэн бэлтгэх, солилцох чиглэлд бодит ажил хийх боломжтой. Бээжингийн сургууль, судалгааны төвтэй хамтран ямар чиглэлд хамтарвал үр бүтээлтэй ажиллаж, жишиг болгон харуулахыг хүсч байна. Хөрш орны хувьд байгаль орчин, мал аж ахуй, газар тариалан, хот төлөвлөлт, хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр гээд олон чиглэлд хамтран ажиллах боломж нээлттэй байгаа” гэлээ.

БНХАУ шинжлэх ухаан, технологийн салбарт зарцуулж буй хөрөнгө оруулалтаараа тэргүүлэхийг чухалчилж байгаагаас гадна дэлхийд жишиг болсон шинжлэх ухааны бүс байгуулах зорилготой аж. БНХАУ-ын 13 дугаар 5 жилийн төлөвлөгөөнд 2017 оны хоёрдугаар сард бүх хятадын инновацийн төв байгуулах асуудлаар холбогдох албаныхан хуралдан, инновацийн төв байгуулах шийдвэр гаргаж, 2017-2020 онд 225 ажил хийхээр төлөвлөгөө гаргаж, шинжлэх ухааны томоохон төсөл хэрэгжүүлэн, шинжлэх ухаан технологийн жижиг паркийн шинэчлэх, тогтолцоог нь сайжруулах, дэлхийн эрдэмтэн судлаачдыг урьж ажиллуулахад анхаарахыг тусгасан байна. Энэ ч утгаараа гадаадын эрдэмтэн мэргэдийг урьж ажиллуулах, судалгааны чанар болон шинээр байгуулж байгаа шинжлэх ухаан технологийн парк, судалгааны үр дүн, инновацийн хөгжилд бэлтгэгдсэн байдал, туршилт, шинжлэх ухааны паркийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлж байгаа талаар ч дурдсан юм.

Бээжин хотын Шинжлэх ухаан технологийн хорооны Олон улсын хамтын ажиллагааны газрын мэдээлснээр тус улс нь одоогоор 50 гаруй улсын 2000 гаруй аж ахуй нэгжтэй шинжлэх ухааны салбарт хамтран ажиллаж байгаа. Цаашид олон улсын хурал тогтмол зохион байгуулах, тэргүүлэгч улсуудтай хамтран ажиллах, шинжлэх ухааны томоохон үзэсгэлэн зохион байгуулах, шинээр мэргэжилтэн бэлтгэхэд анхаарч байна. Түүнчлэн, Монгол Улстай тодорхой төсөлд хамтран ажиллах сонирхолтой бөгөөд манай ШУА-тай уламжлалт анагаах ухааны чиглэлээр мөн ШУТИС-тай сэргээгдэх эрчим хүч ашиглах талаар судалгаа хийж байгаа нь хамтын ажиллагааны эхний алхмын үр дүн аж.

Мөн өдрийн үдээс хойш сэтгүүлчдийн баг Бээжин хотын Жунь Гуань Цунь үндэсний инновацийн үлгэр жишээ бүсийн үзэсгэлэнгийн төвтэй танилцав. Үзэсгэлэнгийн төв нь видео сурталчилгааны чиглэлийн өндөр технологийн аж үйлдвэрийн төв бөгөөд Бээжингийн өнгөрсөн оны эдийн засгийн GDP орлогын дөрөвний нэг хувийг эзэлснийг тайлбарлагч дуулгалаа.

Энэ үеэр инновацийн хөгжил бодит амьдралд хэрхэн нэвтэрч байгааг харуулсан туршилтын материалуудад тулгуурлан үйлдвэрлэлд хэрхэн нэвтэрч байгаа талаар тайлбарлалаа. Үүнд дараа үеийн гар утас, интернэт харилцаа холбоо, хиймэл дагуулын програм, биотехнологи, эрүүл мэнд, эрчим хүчний хэмнэлттэй, байгальд хоргүй цахилгаан машин, зам харилцаа зэрэг давуу талтай аж үйлдвэрийн төв болон нэгдсэн сүлжээний талаар хийсэн үр дүнтэй судалгаа, бодит ажлынхаа талаар мэдээлсэн юм. Жишээ нь 3D принтерийг анагаах ухаанд хэрхэн хэрэглэж байгааг дэлгэцээр харууллаа. Хагалгаанд орохын өмнө хүний амьд эсийг принтлэх, хорт хавдрын эс хэрхэн өсч байгааг харах, далайн усыг физикийн аргаар цэвэршүүлэн ахуйн хэрэглээний болгож байгаа, байгальд ээлтэй материал болох эрдэнэшишийн ишийг хаягдалгүй авч боловсуулан, хар өнгийн ургамлын органик бордоо гаргаж авснаар ургацыг 10 хувиар дээшлүүлсэн технологи байх жишээтэй. Энэ бордоог хятадын тариаланчид өргөн хэрэглэж байгааг үзэсгэлэнгийн тайлбарлагч хэлж байлаа. Өвөрмонголын элсээр явган хүний замын тоосго гаргаж авсан нь борооны усыг шууд шингээж газар доор хуримтлуулах боломжтой технологи мөн усаа өөртөө шингээх зориулалттай цэцгийн сав, ургамал ногооны хальс, хаягдлаас газ гаргаж авсан мөн эхийн хэвлий дэх урагт удамшлын чанартай өвчин байгаа эсэхийг шалгах төхөөрөмж, зайгаар ажилладаг 2 дугуйтай, 120 км/цаг давхих хүчин чадалтай машин, интернэтэд холбогдсон замын хөдөлгөөний болон эзгүй орхисон гэрийнхээ талаарх бүх мэдээллийг программчилсан хянах самбар, гэмт хэрэгтэнг илрүүлэхэд цагдаагийн байгууллага ашиглах шинэ технологи зэргийг сонирхууллаа. Үүний дараа 700 гаруй ажилтантай “Ли Яа Дэ” фотоэлектрисити компанийн үйл ажиллагаатай танилцсанаар эхний өдрийн үйл ажиллагаа өндөрлөсөн юм.

 Б.Оюундэлгэр
Холбоотой мэдээ